Чимидийн култ: Нийгмийн элит бүлэг статус квог хэрхэн хадгалж, хамгаалдаг вэ

                                                                                                     Алтанхуягийн Бат-Оргил,
Гантулгын Мөнх-Эрдэнэ

Саяхан Үндсэн хуулийн цэцээс “Бяраагийн Чимидийн Уншлага: Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” гэсэн арга хэмжээ (2024.11.29) зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээ нь түүний 2006 онд бичсэн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс: Ихэс дээдэс, хүн бүрт хандсан дөрвөн өчил” нэртэй номын “шүүмж” хэлэлцүүлэг байдлаар өрнөжээ. Уг хэлэлцүүлгийн тайлан, илтгэлүүдийг Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газраас ном болгож гаргасантай танилцав. Энэхүү хэлэлцүүлгийн тайланг уншаад ерөөсөө Чимид агсаныг тойрсон култ хэрхэн ажилладаг талаар бичихээр шийдлээ. Бид энэ нийтлэлдээ уг култ нь үндсэн хуулийн мэдлэг, мэдээлэл, дискурсаар дамжуулаад хэрхэн эрх мэдэл, албан тушаал, нөлөөлөл, санхүүгийн гэх мэт олон эх сурвалжийг хянадаг талаар мэтгэнэ.

Юуны өмнө Бяраагийн Чимид агсаны талаар хэдэн зүйл сануулъя. Б.Чимид нь 1966 онд МУИС Нийгмийн ухааны факультетын хуулийн анги төгссөнөөс хойш МУИС, Удирдлагын Академи (одоогийн нэрээр) бараг дөчөөд жил багшилсан, улмаар Ардын багш, Гавъяат хуульч, Хөдөлмөрийн баатар гэх мэт цолоор энгэрээ мялаасан эрхэм байсан юм. Түүний намтараас харж байхад “Хоёр төрд” нүүртэй нэгэн байсан нь харагдана. Учир нь социалист төрд “Шүүх Яамны Сайд”, “Улсын дээд шүүхийн Дарга”, “Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүн”, ардчилсан төрд “УИХ гишүүн”, “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга” гэх мэт өндөр албан тушаалуудыг хашиж байж. Хамгийн гол нь бараг дөчөөд жил багшилсан нь түүнийг бүтэн хуулийн салбарынхан багшаа гэж хүндлэгдэх нэгэн болгосон байна.

Эхлээд “багш, шавь” эсвэл “багш шавийн барилдлага” гэдэг ойлголтын талаар ярих нь зүйтэй байгаа юм. Багш, шавь гэдэг үгс нь Буддын шашнаар дамжиж орж ирсэн. Буддын шашинд, тэр дундаа Очирт хөлгөнд, Багшийг шүтэх ёсон гэж бий. Ер нь “Багш шавийн барилдлага” бол насан туршын үйл юм. Нэгэнт багшийг шүтэж байгаа учир багшийн хэлсэн үг болгон хууль. Тиймээс чи багшийг эсэргүүцэж үл болно гэсэн соёл бий болжээ. Эндээс л эрх мэдлийн тэгш бус харилцаа бий болдог (Narangoa 1998) байсан бөгөөд олон лам хуврага эрх мэдлээ урвуулан ашигладаг, хүчирхийлэл хэрэглэдэг тохиолдлууд гардаг байж. Дараа нь “багш-шавь”, “багш шавийн барилдлага” гэх харилцааны бүтэц нь шинжлэх ухаан хөгжиж эхлэхтэй зэрэг хөрвөж орж иржээ. Монголд хичээл заасан, заалгасан бүх л хүн багш-шавь болж, шавь нь багшийгаа хүндлэх, дээдлэх, бүр шүтэх болжээ. Энэ үзэгдэл нь олон жилийн дараа ч өөрчлөгдөөгүй бөгөөд өнөөдөр жишээлбэл фитнесийн сургагч ч өөрийгөө багш, бэлтгэл хийж буй нэгнийгээ шавь гэх нь олон харагддаг.

“Чимид багш тэгж хэлсэн” буюу сохор шүтлэгийн үүсэл

Яг ийм тэгш бус харилцаан дээрээс л “Чимидийн култ” үүссэн гэж хэлж болохоор байгаа юм. Өнөөдөр түүний култад бүхэл бүтэн гурван үе багтаж, түүний үзэл санааны төлөө үнэнчээр зүтгэж буй төдийгүй өөрийн зарим санаагаа батлахдаа түүний нэрийг ашиглаж байна. Учир нь тэд дээрх багш-шавь гэх хүмүүжлээр хүмүүжсэн учир багшийгаа шүүмжлэх ёсгүй бас чадваргүй байдаг. Олон шавьдаа шүтэгдсээр “монгол Ленин” болсон Чимид гэх эрхэм үнэхээр төгс алдаагүй үндсэн хууль бичсэн бурхан бүрэлбаа байв уу. Дээр өгүүлсэнчлэн Б.Чимид нь хоёр төрд нүүртэй буюу эрх мэдэлтэй явсан нь учиртай юм. 1986-1990-ээд оны үед тэрбээр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Төрийн байгуулалтын хэлтсийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн байснаас гадна эрх баригч МАХН-ын Төв хорооны орлогч гишүүн байсан. Тухайн үед МАХН-ын удирдлагууд болох Ж.Батмөнхөөс эхлээд Б.Чимид хүртэл удирдагчид сандралдаж байсан юм (Дашням 2006). Учир нь Румынд болсон үйл явдал тэднийг цочроогоод байлаа. Ингээд тэд “Намаа хэрхэн аврах вэ”, “Эрх мэдлээ цаашид хэрхэн хадгалах вэ” асуултын эрэлд гарчээ. Үүний хариуд Б.Чимидийн шийдэл нь хуулийн өөрчлөлт байв (Чимид 1990). Ингээд 1990 оны 5 дугаар сард 1960 оны Социалист үндсэн хуульд өөрчлөлт орууллаа. Тухайн үеийн АИХ-ын гишүүд түүний өөрчлөлтийг хүлээж авахгүй байсан тул АИХ гишүүдэд сургалт ороод батлуулж чаджээ. 1264 онд Хубилай хаан Пагва (Phags-pa) ламтай уулзсан бөгөөд түүнийг Улсын багш (State Preceptor) гэж өргөмжилж ордондоо багшлуулсан байдаг. Б.Чимид нь ордынхонд багшилдаг “Улсын багш” бас болж эрх мэдэлтэй, нэр хүндтэй нэгэн болжээ.

Ер нь 1990 оны Ардчилсан хувьсгал нь МАХН-ын лидерүүдийн “суу заль” дор явагдсан. Жишээлбэл 1990 онд шууд сонгууль зохион байгуулсан. Энэ нь юу гэсэн үг байсан бэ гэхээр 70 жилийн туршлагатай сумогийн Ёкузона, сумод дөнгөж хөл тавьсан Жонокучи зиндааны бөхчүүдтэй барилдахаар болсон гэсэн үг. Мэдээж хэрэг шинэ бөхчүүд туранхай, мэх муутай, туршлагагүй байсан учраас далаараа тавиулав. Ямартай ч бусад бөхчүүдийг барилдах боломжоор хангасан нь том давуу тал болсон. Уг “ардчилсан хувьсгал”-г улс төрч судлаач Фритц (2002) “Regime-controlled transition” буюу “дэглэмийн удирдлага дор болсон шилжилт” гэж оновчтой дүгнэсэн байдаг бол улс төр судлаач Хантингтон (1991) “transplacement” буюу “солилцоо” гэж 1991 онд бичсэн номондоо ангилжээ. Түүний ингэж ангилсны учир нь “ардчиллын гурав дахь давалгааны шилжилтийн” орнуудад эрх барьж байсан коммунист намууд нь татан буугдаж эсвэл хуваагдаж, нэрээ сольж байсан бол Болгарь, Монгол гэх мэт цөөн оронд коммунист нам нь, түүний гишүүд эрх мэдлээ хадгалж үлдэж чадсан. Үүнийг үнэхээр л “суу заль” гэж нэрлэж болмоор. Баабар 2012 онд “1990 оны шилжилтийн хууль бол Б.Чимидийн урласан гайхалтай барилга байлаа. Хулганы хамраас ч цус урсгахгүй хийсэн их хувьсгалын цаад механизм нь чухам энд байсан юм” гэж дүгнэжээ.

1990 онд коммунист нам нь эрх мэдлээ хадгалж чадсанаар барахгүй цаашид ч статус квогоо хадгалах сайхан хөрс суурь бүрэлдүүлсэн. 1992 оны Үндсэн хууль тэр хөрс нь. Энэ статус кво цаашид ч өөрчлөгдөх магадлал багатай, учир нь бүхэл бүтэн салбарыг эзэгнэсэн культ ард нь бий.

Сонгодог парламентын засаг гэх домог

Уг култынхан нэг “мантра”-г дахин дахин хэрэглэгддэг нь “сонгодог парламентийн засаг” юм. Монголчууд “сонгодог парламентын засгаа” л хамгаалах ёстой бөгөөд тэгж байж бид ардчилал, тусгаар тогтнолоо хамгаална гэх домог бий. Жишээлбэл саяхан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч “Онц дэглэм” тогтоосон зарлиг гаргахад култынхан нийгмийн сүлжээнд дараах санааг олон бичсэн байхыг харав. “Тээр харж байгаа биз. Ерөнхийлөгчийн засаг ийм л аюултай, тиймээс бид парламентын засгаа л хамгаалах ёстой.” Гэхдээ тэд Ерөнхийлөгчийн засаг гэж ярихдаа ОХУ болон пост коммунист орнуудад байгаа Монарх буюу Нэгийн засаглал, эрх мэдлийг тусгаарласан Ерөнхийлөгчийн тогтолцоо хоёрыг нэг саванд хийгээд нэг өнгөөр будчихаж байгаа юм. Хамгийн гол нь Сонгодог парламентын засаглал гээч нь хаана байдаг эд вэ гээд асуувал нэг нь ч хариулахгүй.

Парламентын засаглалтай л байвал тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хадгалана гэдэг яриа нь зөвхөн хэдхэн хүний хүрээнд л өрнөөд байгаа зүйл биш. Энэ нь бүр Монголын төрийн бодлого шийдвэр болчихоод байгаад л хамгийн гол асуудал байгаа юм. Жишээлбэл 2010 онд батлагдсан МУ Үндэсний аюулгүй байдлын бодлогын бичиг баримтын 1.1.1.4-т зааснаар “Парламентын засаглалд суурилсан, ардчилсан төрийн тогтолцоо бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа юм” гэж бичжээ. Харин эндээс Ерөнхийлөгчийн тогтолцоотой болчихвол үндэсний аюулгүй байдал аюулд орж, тусгаар тогтнол нь алдагдах нь гэсэн логик гарч байгаа юм.

Дээрх үзэл бодол шавь хуульчид, судлаачид дунд элбэг аж. Жишээлбэл Конрад Аденаурын сангаас зохион байгуулсан нэг илтгэлд судлаач О.Машбат (2020) “Нэгт. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол ямар гадаад бодлого явуулах нь тодорхойгүй, хаалттай болчихдог. Тэгвэл хөршүүд биднийг хардаж эхэлнэ. Хоёрт. Ерөнхийлөгч нь өрсөлдөгч нараа дарахын тулд гадаадынхантай эвсэж эхэлнэ. Ийм хувилдаан нь ерөнхийлөгчийн засаглалд хаалттайгаар явах бол парламентын засаглалын үед заавал ил болдог. Учир нь парламент дээр очсон бүх асуудал дандаа задардаг. Ингэж задарснаар ард түмэнд хэнтэй хувилдсаныг мэдчихдэг. Парламентын засаглал нь улс төрийн төвшинд орж ирж буй гадны шахалтыг систем дотроо шингээж тэнцвэржүүлдэг.” Ер нь тусгаар тогтнол гэх ойлголтыг парламентын эсвэл ерөнхийлөгчийн тогтолцоотой холбож дүгнэлт хийх нь хэр зэрэг логиктой вэ? Энд дахиад л ерөнхийлөгчийн гэдгээр монарх буюу нэгийн засаглалтай хольж хутгасан нь харагдана. “Багш” Чимид (2006) Ерөнхийлөгчийн тогтолцооны талаар бичихдээ: “ерөнхийлөгч нь огцруулахаас айхдаа эрх мэдлээ тэлж явсаар авторитаризмд шилжих магадлалтай. Ер нь Парламентын эсвэл Ерөнхийлөгчийн гэдгийг сонгохдоо тусгаар тогтнолийн эгзэгтэй үед аль нь давуу гэдгийг бодолцсон” (1991: 38) гэжээ. Энэ үндэслэлээ батлахын тулд тэрбээр Монголын зарим хаадыг урвуулж шарвуулж байсан гэдгийг дурджээ. Эндээс мөн харвал Ерөнхийлөгчийн тогтолцоог Монарх тогтолцоноос тэр бүү хэл дундад зууны хаант засгаас ялгаагүй байдлаар дүгнэсэн нь илт байгаа юм.

Ер нь 1992 онд сонгосон тогтолцоо нь парламентын тогтолцоо юу, хагас ерөнхийлөгчийн тогтолцоо юу гэсэн гэсэн мэтгэлцээн олон жил өрнөсөн. Монголын улс төрийн тогтолцоог Фиш (1998), Шугарт, Кэрэй (1992), Чэйбаб (2007) гэх мэт өрнийн судлаачид Хагас ерөнхийлөгчийн гэдэг ангилалд оруулсан байдаг. Учир нь Ерөнхийлөгч нь засгийн газрыг бүрдүүлэхэд шууд оролцдог. Харин манай култынхан шууд л багшийн айлдсанаар парламентын засаг гэж мэтгэсэн байдаг. Жишээлбэл, О.Машбат нь 2015 онд бичсэн “Үндсэн хууль: Улстөр-эрхзүй, хянал-тэнцэл” гэх номондоо “Б.Чимид багш Монгол бол Парламентын засагтай улс. Учир нь Ерөнхийлөгч нь парламентад тайлагнадаг гэсэн үндэслэлийг гаргасан байдаг” гэжээ. Харин О.Мөнхсайхан (2019) “Чимид багш парламентын бүгд найрамдах улс мөн болохыг олон талын үндэслэл, харьцуулсан судалгааны үндэслэн харуулсан” (26) гэж мэтгэлцээнийг хаасан байгаа юм. Багш л нь эцсийн үнэн.

Ер нь Сонгодог парламентын засаг гэдэг домгоо үхэн хатан хамгаалаад байдгийн шалтгааныг ухвал Статус квог хадгалахад л буюу МАН-ыг эрх мэдэлд нь хязгааргүй байлгах юм. Учир нь парламентын гэх тогтолцооны гол онцлог нь эрх мэдлийг гурван салаанд хуваасан боловч тусгаарлаагүй байдаг учир намын дарга нь Ерөнхий сайд болж Засгийн газраа ч, Парламентаа ч базаж байдаг. Одоо үүнийг та бүхэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жишээн дээр бэлээхэн харж болно.

Эргэлзэж ч үл болох үнэт эрдэнэ: Унитаризм

1990 оны үндсэн хуулийн нэмэлт, 1992 оны үндсэн хуулиар ч огт хөндөгдөж болохгүй нэг асуудал байсан юм. Тэр нь унитаризм буюу “нэгдмэл” төрийн байгуулал байсан юм. Чухам яагаад энэ асуудал тийм эргэлзэж, тээнэгэлзэж болохгүй сэдэв болчихов гэдэг талаар ярилцая.

Ленин 1902 онд “Юу хийх вэ” гэх ном хэвлүүлсэн. Уг богинохон номоороо тэрээр пролетарын диктатор тогтоох арга замыг заасан. Түүний номонд бичсэн үзэл санаа нь “Democratic Centralism” гэх нэр томъёонд багтаж байлаа. Лениний үзэл санаа нь намын зохион байгуулалт, төрийн эрх мэдлийг төв аппаратад төвлөрүүлэх, нэгтгэх байсан юм. Харин ардчилсан гэдгийн утга нь намын түвшинд тодорхой хэмжээнд мэтгэлцээн өрнөж болно гэсэн утгатай байлаа. Энэ үзэл санаа нь Зөвлөлт болон Монголд амжилттай хэрэгжиж эхэлсэн. Б.Чимид (2006: 43) Социалист тогтолцооны талаар хэлэхдээ: “Өмнөх тогтолцоо нь засгийн бүх эрх мэдэл зөвлөлүүдэд гэсэн Ленинч үзэл санаа баримтлан төрийн эрх мэдлийн нэгдмэл байдлыг үндэс болгож байв” гэжээ. Энэ “Ардчилсан төвлөрлийн” бодлого нь 1920-иод оноос хэрэгжиж эхэлсэн ба улмаар 1950-иад улам эрчимжиж идеологи, туйлын үнэн болж хувирсан. Яг ийм эрчимжилтийн үед Б.Чимид МУИС-д хуулиар сурч байсан юм. Тиймээс энэ нь түүний далд ухамсарт гүнзгий шингэж, үзэл бодол болж тогтсон гэж хэлж болно. Ингээд тэрбээр 1992 оны үндсэн хуулийг бичихэд мөн энэ үзэл санаан дээр тулгуурласан байна.

Би 2023 оны намар Булганд судалгааны ажлаар явж байгаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн иргэдтэй уулзах уулзалтад орж таарсан юм. Сонирхолтой нэг зүйл нь энэ уулзалт бараг хорин жилийн өмнө буюу 2004 онд миний оролцож байсан, Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзсан уулзалтын агуулгатай яг таарч байсан. Иргэд нэг нэгээрээ босоод Ерөнхий сайдаас нэг нэг юм гуйна. Манай цэцэрлэгийн дээвэр болохгүй байна, манай сургуулийн засвар дуусахгүй байна, манайд тоглоомын талбай эвдэрсэн гэх мэтээр. Гайхамшигтай нь Ерөнхий сайд нэгбүрчлэн газар дээр нь шийдэж байв. Богдоо боов хайрла… гэдэгтэй төстэй. Энэ нь эрх мэдэл бүхэлдээ төвдөө төвлөрсөн гэдгийг л харуулж байгаа юм. Тийм ч учраас монголын төр засгаас унитар инстүүцээ хөндөхгүйгээр “Бүсчилсэн хөгжил” гэж удаа дараа ярьж, бодлого гаргаад, хурал хийгээд ямар ч үр дүнд хүрч чадаагүй. Гэтэл хамгийн түрүүнд яагаад Монгол шиг том газар нутагтай улс “Хот-улс” болчихов гэдэг талаар огт ярилцахгүй байна. Ер нь яагаад аймгийн төвүүдийг хотоос сум болгосон талаар хэлэлцдэггүй.

1992 оны үндсэн хуулийг батлахдаа унитар буюу нэгдмэл төрийн байгууллын инстүүцийг хадгалснаас гадна засаг захиргааны нэгжийн бодлого ч хэвээр хадгалагдсан. Ер нь зөвлөлтийн бодлого бол аль болох олон засаг захиргааны нэгжид хуваах боловч эрх мэдлийг төвд нь ховх сорох байсан юм. Жишээлбэл, Чимид (2006)-ийн номондоо “1924 оны үндсэн хуулийн хэдэн том ололтын нэг нь таван шатлалт шинэ засаг захиргааны хуваарь” гэж бичжээ. 1930-иад онд засаг захиргааны олон зуун жил явж ирсэн тогтолцоог үндсээр нь өөрчилсөн юм. Болдбаатар, Снийт (2006: 313) нарын үзсэнээр бол өмнөх “хошуу” дээр суурилсан засаг захиргааны тогтолцоо нь олон зуун жилийн хугацаанд нүүдлийн мал аж ахуйд тохирсон гэдэг нь түүхэн цаг хугацаанд батлагдсан (a time-tested) байснаас гадна цаг уур, эдийн засгийн нөхцөлдөө таарсан тогтолцоо байсан гэж дүгнэсэн байдаг. Ер нь XX зуунд Ленинист Төрийн социализм нэвтрэхээс өмнөх түүхэндээ ихэвчлэн федералны улс төрийн байгууламжтай байсан юм.

Харин 1992 онд унитар тогтолцоонд огт хүрээгүй шалтгаан нь ердөө л эрх барьж буй намд эрх мэдлийг төвлөрүүлэн удирдахад л амар байлгах зорилготой байв.

“Үндсэн хууль дээдлэн шүтэх ёс” буюу ясаа харамлах банхар

Бидний дээр дурдсан 2006 онд гарсан “Үндсэн хууль дээдлэн шүтэх ёс” гэдэг ном нь Б.Чимидийн дээрх статус квог хэрхэн хадгалах манисфесто гэж хэлж болно. Нэрнээс нь эхлээд аваад үзвэл “Rule of Law” буюу хуулийн засаглал гэх либерал номлолыг Монголд “Хууль дээдлэх ёс” гэж орчуулснаар эхэлсэн байдаг. Уг нь хуулийн засаглал гэдэг нь хууль дээдлэх гэдгээс яг эсрэг утгатай. Түүний томъёолсон уг ойлголтын нэг онцлог нь хууль дотроо бүр Үндсэн хуулийг дээдлэх бүр шүтэх ёстой аж. Култынхан зөвхөн дискурсыг гаргаад зогсохгүй үргэлж төрийн бодлого шийдвэр болгож байдаг. Үүнийг батлаж УИХ-аас 2024 оны 12 сарын 13-нд “Айл өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах тухай” тогтоол гаргав. Нэгэнт 1992 оны үндсэн хууль нь Б.Чимидийн “хүүхэд” тул нэмэлт өөрчлөлт ороход ихэд дургүйцэж байсан. Тийм ч учраас 2000 онд оруулсан 7 өөрчлөлтийг “Дордуулсан долоон өөрчлөлт” гэж тэр нэрлэсэн билээ.

“Бяраагийн Чимидийн уншлага” номонд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шавь- О.Мөнхсайхан (2024), Чимид багш олон ургальч үзэл байж болох ч үндсэн хуулийн эсрэг олон ургальч үзэл байж болохгүй үзэж байсныг дурдсан байна. Нэгэнт түүний бүтээсэн догма тул нээрээ л өөрөөр харж болохгүй биз ээ. Ардчилалын нэгэн тулгуур багана болох олон ургальч үзэл энд ирээд хугараад уначих нь гайхалтай биш үү. Мөн О.Мөнхсайхан нь 2006 оноос хойш үндсэн хуулийн үзэл санаасаа өөр үзэл бодол гарах болсныг сануулсан байх нь хачирхалтай. Яагаад үндсэн хуулийг шүүмжилж болохгүй талаар Чимид (2006) “Үндсэн хуулийг ердийн ухамсрын түвшинд” шүүмжилж болохгүй гэсэн үндэслэл гаргасан бол Мөнхсайхан (2024) хүмүүс шинжлэх ухааны нэр барьж шүүмжилж байгаа нь зохимжгүй байгаа тухай дурджээ. Ийм зохисгүй этгээдүүдийн хэдэн жишээг ч дурджээ. Үүнд: “Ерөнхийлөгчийн засаг, хоёр танхим руу шилжих тухай талаар зарим ном гарч, шинэ үндсэн хуулийн төсөл хэвлүүлсэн байна. Д.Зоригтбаатар, Р.Ууганбаатар, Д.Лхагвасүрэн, М.Сайнбаяр, Д.Сүхболд, Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Үндсэн хуулийн тайлбар философи (УБ, 2020); Л.Мөнх-Эрдэнэ, Монголын намын улс: зөвлөлийн намын олигарх засаглал (УБ, 2022)” гэжээ.

Эндээс Чимидийн култын нэг дүрэм бол олон ургалч үзлийг огт хүлцэн тэвчихгүй байх явдал гэж дүгнэж болно. Култынхан түгээмэл хэрэглэдэг өөр нэг афоризм нь “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол улс”. Доктор Баярсайхан (2024)-ийн үзэж байгаагаар Үндсэн хуулийн үндсэн концепц нь уг афоризмд шингэсэн аж. Нэгэнт Үндсэн хууль бол Монгол улсын масштабласан хувилбар учраас Үндсэн хуулиа шүүмжлэх нь Монгол улсаа муулж буйтай адил гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Улсаа муулж байгаа бол чи урвагч, гадны гар хөл, монголын тусгаар тогтнолыг бусниулах гэсэн этгээд мөн. Танил технологи байгаа биз? Энд ямар нэгэн эрүүл ухаан, логик бус зүгээр л нэг сэтгэл хөдлөл, үзэл суртал, өөр санаа бодлыг тэвчихгүй байх хүсэл ил гарч ирж байгааг уншигч та анзаарч буй биз. Мөн эндээс культынхны яагаад “хуулийг мэргэжлийн хүн боловсруулах ёстой” гэх мэтийг ярьж, бусад мэргэжил, бусад хүнийг хууль боловсруулах “ариун үйлсээс” хол байлгах гээд байдаг нь ойлгогдож буй байх. Хоолыг нь булаацалдах бусад мэргэжлийнхэн бол тэдний хувьд “мэргэжлийн бус, энгийн ухамсарын, шинжлэх ухаанч бус”, ариун библи болсон үндсэн хуульд хүргэж болохгүй “бузар” улс юм. Ийнхүү хүрээлж хашаалаад зөвхөн өөрийнх болгоод авсан үндсэн хуулиар бүхнийг хянаж зохицуулж болно. Яагаад тэд үндсэн хуульдаа “тийм их хайртай” байдгийн учир ч эндээс гарч ирнэ. Хэн нэгэн үндсэн хуулийг шүүмжилнэ гэдэг үнэндээ тэдний эрх мэдэл, олон нөөц эх сурвалжийн ундрагыг шүүмжилж буй хэрэг тул тэд олноороо “үндсэн хуулийг дээдлэх шүтэх ёс”-той хэмээн орилолдож буй юм.

МА(Х)Н-ын л Үндсэн хууль шүү, монголчуудынх биш

Чимид култынханын нэг нийтлэг ойлголтоор МА(Х)H оролцож баталсан л бол үндсэн хууль болдог. Тухайлбал 1990 оны Нэмэлтийн Үндсэн хууль, 1992 оны Үндсэн хууль, уг хуулийн 2000 оны нэмэлт өөрчлөлт, 2019 оны нэмэлт өөрчлөлт мөн л МАН-ын бүтээл. Энд харин 2000 оны нэмэлт өөрчлөлтийн түүх их сонирхол татдаг. Уг нь 1999 онд Ардчилсан Холбоо Эвсэлийнхэн нэмэлт өөрчлөлт оруулах гэж оролдсон боловч Цэцийн шийдвэрээр буцаагдсан. Харин 2000 онд МАХН үнэмлэхүй олонхи болсон тул өнөөх өөрчлөлтийг бараг үг, үсэг өөрчлөхгүйгээр баталсан байдаг. Эндээс Үндсэн хууль бол МА(Х)Н-ын өмч болох нь харагдаж байгаа юм.

Жил болгон 11 сарын 26-нд Анхдугаар үндсэн хууль батлагдсаныг тэмдэглэдэг. Уг тэмдэглэж буй 1924 оны үндсэн хууль нь Анхдугаар үндсэн хууль гэдэг нь уг нь асуудалтай ойлголт юм. Учир нь Монгол мянган жилийн төрт улсын түүхтэйгийн хувьд олон үндсэн хууль эсвэл үндсэн хуулийн шинжтэй хуулиудтай байжээ. Жишээлбэл Английн судлаач Дэвид Снийт 1640 оны Халх-Ойрадын Их цаазыг судлаад Тэргүүнгүй төр гэх ном бичсэн. Уг номондоо Халх-Ойрадын ноёдын баталсан Их цааз нь үндсэн хууль байсан бөгөөд уг үндсэн хуулиар Тэргүүнгүй төр бүхий төрийн тогтолцоог бий болгожээ гэж бичсэн байдаг. Яагаад энэ бүрэн эхээрээ олдсон уг Их цааз анхны үндсэн хууль эсвэл энэ хүрээний асуудалд багтааж тэмдэглэггүй вэ гэсэн асуулт гарна. Ер нь 1921 онд батлагдсан Тангарагийн гэрээ ч өөрөө Үндсэн хууль юм. Култынхны тайлбараар бол Үндсэн хуулийн эрх зүйгээр Үндсэн хуульд агуулга, процедурын олон шаардлага тавьдаг бөгөөд тэр шаардлагуудыг хангаж чадахгүй гэх. Гэтэл 1924 оны Анхны Үндсэн хууль гээч мөн л тэр шаардлагуудыг хангахгүй. Хамгийн наад зах нь уг хууль өөрөө 1918 оны Зөвлөлт Оросын Үндсэн хуулийн орчуулга юм (Мөнх-Эрдэнэ 1999). Францын Хүний ба Иргэний эрхийн тунхагт мөн хүний эрхийг хангаагүй, эрх мэдлийг салгаж хуваарилаагүй бол үндсэн хууль биш гэсэн байдаг. Уг шаардлагаар бол 1924, 1940, 1960 оны аль ч үндсэн хууль хангагдахгүй байгаа юм. Гэхдээ энэ бүгд хамаагүй. Тэдний хэлсэн зүйл л үндсэн хууль бусад нь биш юм. Дээр өгүүлсэн үндсэн хуулийг зөвхөн МА(Х)Н оролцож батлах нь үндсэн хуулийн агуулга, процедурын шаардлага юм.

Дүгнэлт ба эргэцүүлэл

Уг нийтлэлийн эх сурвалж буй “Бяраагийн Чимидийн уншлага: Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номонд Багш гэдэг үг 105 удаа (үүнээс “Чимид багш” гэж 53 удаа) дурдагдсан байна. Энд илтгэл тавьсан, санал хэлсэн хүмүүс нь бүгд хуулийн хүрээнийхэн буюу МУИС ХЗС, Удирдлагын Академи, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, өмгөөлөгч, судлаач гээд 24 хүн оролцсон байна. Лүндэндорж (2024: 29), “доктор Баярсайханы илтгэлийг уншаад “уншлага” гэдгийг критик анализ гэж тайлбарласныг хараад учир байдлын ойлгов” гэжээ. Гэтэл уг илтгэлүүдэд “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” гэх номын талаар шүүмжлэлтэй зүйл ганцхан О.Машбат л дурдсан бөгөөд бусад 23 хүн нь зөвхөн магтан дуулсан агуулгатай зүйл хэлсэн байна. Шинжлэх ухааны критик анализ хийж буй атал зөвхөн “багш, шавь” гэсэн хүрээнд магтан дуулах аж. Уг нь энэ харилцаа нь шашны хүрээнд бол маш чухал ойлголт боловч, шинжлэх ухаанд харш зүйл юм. Ер нь багш-шавийн харилцаа нь хуулийн хүрээнийхэнд тунчиг элбэг аж. Жишээлбэл МУИС Хуулийн сургуулийн профессор С.Нарангэрэл 2012 онд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин (шавь)-иа “хоцрогдсон” гэж хэлсэн учраас шүүхэд өгсөн. Улмаар шүүх (түүний шавь нар) С.Нарангэрэлийн талд шийдвэр гаргаж “уучлалт гуйх”-ыг үүрэг болгосон байдаг. Бичигдээгүй дүрэм ёсоор Х.Тэмүүжин-шавь багшийгаа насанд туршид нь хүндлэж, үгнээс нь зөрөх учиргүй байсан юм.

Францын философич Фуко эрх мэдлийн талаар сонирхолтой онол дэвшүүлсэн байдаг. Ерөөсөө эрх мэдэл нь мэдлэг, дискуртай шууд холбоотой бөгөөд эрх мэдэл нь амьдрал дээр хэрэгжихдээ аалзны тор мэт орчныг бий болгож түүгээрээ сэлгэж (circulates) оршиж байдаг аж. Эрх мэдэл нь гэдэг нь зүгээр хэн нэгний гарт байж байдаг зүйл биш харин эрх мэдлийг дэмжигчид бас эсэргүүгчидийн тусламжтайгаар дахин өөрийгөө амилуулж, бүтээж байдаг зүйл аж (Rouse 2005) гэнэ. Яг эндээс багш-шавийн барилдлага гэх аалзны торийг сүлжиж, улмаар сонгодог парламентын засаг гэх мэт дискурсаар дамжуулж эрх мэдэл, статус квог хадгалсаар иржээ. Жишээлбэл, Чимид (2006) үндсэн хууль нь гүн гүнзгий агуулгатай тул нарийн мэргэжлийн үндсэн дээр тайлж чадна гэж дурдсан байна. Өөрөөр хэлбэл энгийн, хар толгойтой бид жир бус, ухаалаг тэргүүнтэй хүмүүсийн оролдох ёстой үндсэн хуулийн тухай ярьж болохгүй аж. Энэ маягаар культынхан эрх мэдлийг мэдлэгийн тусламжтайгаар өөрсөддөө хадгалах зорилготой байдгийг харж болно. Холл (2006) Фукогийн онолыг тайлбарлаж бичихдээ тухайн нийгмийн элитүүд нь мэдлэг, дискурсаар дамжуулж төрийг эрх мэдэлдээ ашигладаг гэсэн байдаг. Ингэхдээ ямар нэгэн байдлаар олон нийтийн зөвшөөрлийг (consent) нь авах ёстой. Та бүхэн санаж байгаа бол 2019 оны үндсэн хуулийн нэмэлтийг “Зөвлөлдөх санал асуулга” нэрийдлээр хийсэн ба энэ дээрх консент байсан юм. Иймэрхүү хэлэлцүүлгээр хэрхэн манипуляци хийдэг болохоо шавь-О.Мөнхсайхан (2017), Үндсэн хуулийн реформыг зөвлөлдөх санал асуулгаар хийх Монголын алдаатай туршилт гэх өгүүлэлдээ дурдсан байдаг.

Ашигласан материалын жагсаалт:

* Boldbaatar, J., & Sneath, D. (2006). Ordering subjects: Mongolian civil and military administration. Imperial Statecraft: Political Forms and Techniques of Governance in Inner Asia, Sixth to Twentieth Centuries, 293-314.
* Fritz, V. (2002). Mongolia: dependent democratization. The Journal of Communist Studies and Transition Politics, 18(4), 75-100.
* Hall, S. (2006). Popular culture and the state. The anthropology of the state: A reader, 9, 360.
* Huntington, S. P. (1991). The third wave (Vol. 199, No. 1). Norman: University of Oklahoma Press.
* Lenin, V. I. (1935). What is to be Done?. Wellred Books.
* Rouse, J. (1994). Power/knowledge. The cambridge companion to Foucault, 2.
* Sneath, D. (2007). The headless state: aristocratic orders, kinship society, & misrepresentations of nomadic inner Asia.
* Steiner-Khamsi, G., & Stolpe, I. (2006). Educational import: Local encounters with global forces in Mongolia. Springer.

Монгол хэлээр.

* Баярсайхан. Б. (2024). Үндсэн хуулийг шинэ хандлагаар судлах нь. Бяраагийн Чимидийн Уншлага: Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс. Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тамгын Газар.
* Баабар. (2012). Чимид багш. www.baabar.mn.
* Бямбадорж Жамсрангийн. (2020). Сургагч багш Бяраагийн Чимид. www.parliament.mn. https://www.parliament.mn/nn/11235/
* Лүндэндорж, Н. (2024). Санал, дүгнэлт. Бяраагийн Чимидийн Уншлага: Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс. Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тамгын Газар.
* Машбат Oтгонбаярын. (2015). Үндсэн хууль: Улстөр-эрхзүй, хянал-тэнцэл. "Эрх зүйт ёс" сан. Арвайбархан 2015.
* Машбат Отгонбаярын. (2020). Ардчилал аюулгүй байдлын баталгаа. Конрад-Аденауэр-Сан.
* Мөнхсайхан, О. Болортунгалаг, Н. (2024). Бяраагийн Чимидийн Уншлага: Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс. Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тамгын Газар.
* Мөнхсайхан, О. (2024). Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс. Бяраагийн Чимидийн Уншлага: Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс. Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тамгын Газар.
* Чимид, Бяраагийн. (2006). Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс: Ихэс дээдэс, хүн бүрт хандсан дөрвөн өчил. ХЗҮТ-ийн хэвлэх. Улаанбаатар