An Orchestrated Presidential Election in Mongolia
Л.Оюун-Эрдэнийн ЗГ яагаад огцрох ёстой вэ
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан цар тахлыг бид туулаад явж байна. Өмнө нь дэлхийн бүх орнуудад яг ийм хэмжээний том асуудал зэрэг тулгарч байсангүй. Тийм ч учраас дэлхийн улс орнуудын засаглалын чадавхи жинхэнэ утгаараа харьцуулагдаж байна. Жишээ нь өмнө нь зарим хүмүүс авторитари дэглэмтэй орнууд ардчилсан орнуудаас илүү үр дүнтэй засагладаг гэж ярьдаг байсан. Харин цар тахлын үеийн менежментийг харахад засаглалын чадавхи нь улс төрийн дэглэмтэй шууд бас холбогдохгүй байгаа нь харагдаж байна. Жишээлбэл цар тахлын менежмент ардчилсан Өмнөд Солонгост, Шинэ Зеландад, авторитари Хятадад ч үр дүнтэй байна. Ер нь цар тахалтай тэмцэж буй дэлхийн улс орнуудын туршлага гурван чухал сургамж хэлээд байх шиг. Нэгт нэгдсэн төр засагтай байна гэдэг нь өөрөө ямар чухал болох нь. Хоёрт шийдвэр гаргагчдаас гадна төрийн албаны чадавхи ямар чухал болох нь. Гуравт төрт итгэх иргэдийн итгэл шийдвэрлэх нөлөөтэй гэдэг нь.
Эндээс би төрд итгэх итгэл яагаад чухал вэ гэдгийг онцолмоор байгаа юм. Учир нь төр засагт итгэх итгэл өндөр байвал иргэд төрөөс гаргасан цар тахалтай холбоотой шийдвэрүүдийг сайн дагаж мөрдөнө. Ер нь иргэд төрдөө итгэлгүй болох нь урт хугацаандаа ч их хохирол дагуулдаг. Төрөөс гаргасан бодлого, шийдвэрийг иргэд дагахгүй, мөрдөхгүй болно гэсэн үг. Харамсалтай манай төр засаг сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийнхээ итгэлийг идээд дууслаа. Үүнийг нэг тод жишээ нь Такесан рестораны эздийн үйлдэл. Тэд зүгээр л төрийн шийдвэрийг дагахгүй гэдгээ олон түмний өмнө зарласныг санаж байгаа байх.
Буруу бүхэн бусдын буруу (Quiza-ийн дуунаас)
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр суулт хийж буй эмч нарын төлөөлөлтэй уулзсан. Энэ уулзалт бол тэр асуудалд хэрхэн ханддагийг яруу тодоор харуулав. Эмч нарын суултын ард хэдэн улс төрчид "улстөржүүлж" байгаа гэдгийг албан тушаалын дагуу олж мэдсэн гэнэ. (Өмнө нь бас олон үйл явдал дээр ингэж мэдсэн. Жишээлбэл Вакцины асуудалд С.Одонтуяа гишүүн, нөхрийн хамт) бөгөөд хэрэв тэд зогсохгүй бол нэрийг нь зарлаж, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх гэнэ. Бод доо. Энэ Ерөнхий сайд хүний хэлэх үг, үйлдэл мөн үү? Асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй байгаа нь илт. Зүгээр л бурууг бусад руу чихсэн, арьсаа хамгаалсан арчаагүй үйлдлээ л дахин давтлаа.
Төрөөс цар тахлын талаар гаргаж буй шийдвэрүүд маш их алдаатай, шинжлэх ухаанч биш байсан ч дарга нар маань алдаагаа хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам иргэд рүү буруугаа чихиж байв. Тийм ч учраас иргэд өдөр бүр янз бүрийн хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Дарга нарын хувьд буруу бүхэн бусдын буруу. Гэтэл ковидийн үед яагаад хэдэн зуун хүмүүст одон медаль тараав, хэдэн зуун хүнийг цуглуулж намын 100 жилийн ой тэмдэглэв, яагаад сонгуулийн сурталчилгааг онлайнаар хийхийн оронд орон нутгаар ковид тараав...
We need a PM, not PR (жиргээнээс)
Сүүлийн нэг жилийн үйл явдлуудыг харахад цар тахлын үеийн улс төрийн манлайлал илт дутагдаж байна. Эрдэнэбат гуайн жиргээнд бичсэнчлэн "Бидэнд PR бус PM" (Ерөнхий сайд) хэрэгтэй байна. Ер нь хямралын үеийн менежментэд тодорхой нэг манлайлагчтай байх нь маш чухал. Америкийн улс төр судлаач Фарийд Закариагийн "Цар тахлын дараах 10 сургамж" номондоо Тайван цар тахлыг амжилттай хязгаарласан нэг нууц нь тодорхой нэг хүний манлайлал байсан тухай бичсэн байна лээ. Гэтэл манайд цар тахлын үед Ерөнхий сайдын манлайлал алга. Оронд нь УОК, НОК (бүр сүүлдээ СОК) гэх хоорондоо зөрчилтэй, шинжлэх ухаанч нөхдүүд улам бүр туйлдуулдаад дууслаа. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас өөрөө түрүүлж Астра Зенекагийн вакцин тариулснийг эсвэл тооцвол өөр ямар ч манлайлал харагдсангүй. Ерөнхий сайд болсноосоо хойш олон газраар явж "ажилтай танилцах" гэдэг нэрийдлээр сүрийг үзүүлснээр өөр гавъяа алга.
Цар тахлаас хойшхи жил гарангийн хугацаанд хувь хүмүүс, бизнес ч, төр засаг ч нөөцөө барж буйг ойлгож байна. Гэхдээ ийм хямралын үед нөөцийг зарцуулахдаа чухлаар нь л эрэмбэлэх учиртай (5 дугаар ангийн хүүхэд ч хэлнэ). Гэтэл төр засаг маань наадам хийнэ гэж дэмийрсэн нь олон хүнийг дургүйцлийг хүргэсэн. Энэ нь дахиад л улс төрчид цар тахлын хямралаа ерөөсөө ойлгохгүй байгааг эсвэл бүр улаан цайм хувийн эрх ашгийг урдаа тавьж байна гэдгийг илтгэнэ.
Л.Оюун-Эрдэнийг ерөнхий сайд болгосон МАН-ын хувьд маш том алдаа байсан харагдлаа. У.Хүрэлсүх мэдээж хэрэг өөрийн гар доорх хүнээ тавьсныг ойлгож байгаа ч, энэ нь цар тахлын үед хувиа бодсон маш арчаагүй үйлдэл байжээ. Улс төрийн манлайлал магадгүй хамгийн хэрэгтэй үед манлайлал үзүүлж чадахгүй, шийдвэр гаргаж чадахгүй хүнийг тавьсан нь алдаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд яаралтай "солих" хэрэгтэй. (МАН-ийнханд: "Алдаа хийсэн гэдгээ мэдсэн бол тэр даруй засах алхамыг хий." Далай Ламын Мянганы сургааль).
Хамгийн гол нь...
Халх голын тулалдаанд үрэгдсэнээс олон хүний алтан амь үрэгдчихээд байна...