Библид дурдсанаар Бурхан Адам гэх нөхрийг хамгийн анх бий болгожээ.... 1723 онд бас нэг Адамыг төрүүлсэн юм. Хожим нь тэрбээр эдийн засгийн ухааны анхдагч номыг бичих учиртай байж. Тэр ном нь "Улс үндэстнүүдийн баялагийн учир шалтгаан ба үндсийг тодруулах нь" гэх нэртэй. Баабар (2016) нийтлэлдээ "Адам Смит эдийн засгийн жам ёсны тухай сургасан, Карл Маркс энэ жамыг өөрчлөх тухай, Жон Мэйнард Кэйнс засах тухай ярьсан" гэж тайлбарласан байдаг. Энэ тайлбар гоё оносон санагддаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн ухааныг ойлгохын тулд тэртээх XVII зуунд бичигдсэн номыг унших шаардлагатай. Харамсалтай нь уг ном одоог хүртэл орчуулагдаж гараагүй.
Ажиглаад байхад манайд Адам Смитийн тухай хоёр ойлголт л түгээмэл. Нэгт нь "үл үзэгдэх гар" гэх нэг юм байдаг тухай, хоёр дахь нь "Талхчин хүн бусдын төлөө талх барьдаггүй ашиг олохын төлөө талх барьдаг. Энэ нь нийгэмдээ эргээд сайнаар нөлөөлдөг" гэх эшлэл хоёр юм. Сүүлийн үед Адам Смитийг ч, Карл Марксыг ч шинээр унших, шинээр танин мэдэх гэсэн оролдлогууд барууны орнуудад тун элбэг болжээ. Олон ч шинэ номнууд гарч байна.
Ер нь Адам Смит хоёр чухал ном бичсэн бөгөөд уг хоёр ном нь нийгмийн амьдралын хоёр гол асуудлыг хөндсөн гэж үздэг. Монгол гэрээр дүрсэлбэл хоёр багана нь гэсэн үг. Тиймээс "Улс үндэстнүүдийн баялагийн учир шалтгаан ба үндсийг тодруулах" гэх уг номыг дангаар нь уншихад хангалтгүй. Хоёрдахь гол ном нь "Ёс суртахууны онол" гэх нэртэй. Шинэ Зеландад намайг сурч байхад профессор маань энэ номыг заавал унших ёстой гэж зөвлөж байсан. Адам Смит эдийн засгийн ухааны ном бичсэн боловч өөрөө ёс суртахууны философич байсан юм.
"Үндэстнүүдийн баялаг" гэж товчилж орчуулдаг "Улс үндэстнүүдийн баялагийн учир шалтгаан ба үндсийг тодруулах" нь гэх номын тэмдэглэлийн хэсгээс сонирхуулъя. Энд зарим санааг нь номноос шууд орчуулсан, зарим санааг нь би өөрийнхөөрөө тайлбарласан байгааг анхаарна уу.
Адам өгүүлрүүн:
Хөдөлмөрийн хуваарь л эдийн засгийн үндэс юм. Хөдөлмөрийн хуваарь байхгүй тохиолдолд бүх хүн адилхан хөдөлмөр эрхэлнэ. Мөн хувь хүний авьяас чадвар хамаагүй болно гэсэн үг. Нөгөө талаасаа хөдөлмөрийн хуваарь бий болсноор хүн болгон солилцогч(худалдаачин) болсон. Гэвч талхчин, шар айраг үйлдвэрлэгч хоёрт солилцох шаардлага байхгүй тохиолдолд худалдаа бас хийгдэхгүй. Эхэндээ үхэр солилцооны гол хэрэгсэл байсан. Гэхдээ үр дүнтэй арга хэрэгсэл байсангүй. Үхэрний дараа тамхи, сахар, загас, савхи зэрэг бараанууд солилцоонд ашиглагдаж эхэлсэн. Харин зоосон мөнгө гарснаар солилцоонд хувьсгал гарчээ. Яагаад гэвэл маш хурдан солилцоо хийх боломж олгосон хэрэг. Жишээ нь үхэрийг солилцоход ашиглаж байхад чи өөрөө үхэртэй, нэмж авахыг хүсэхгүй байх, аль эсвэл үхэрээ яаж үнэлэх вэ зэрэг асуудлуудаас болоод солилцоо хийгдэхгүй, уддаг байж.
Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд зоосон болон цаасан мөнгө хувьсгал авчирсан нь үнэн боловч өөр олон зүйлүүд бидний өнөөдрийн солилцогч, хавтгай дэлхийг бий болгосон. Жишээ нь Миний багш Тим Хазлайдин хэлж байсан. Үнийн шошги солилцоонд бас хувьсгалыг авчирсан гэж. Учир нь ийм шошги гарахаас өмнө тухайн бараааны үнийг тохирох, шийдвэр гаргах гэж их уддаг байж. Манайд одоо ч зарим компани бүтээгдэхүүнийхээ үнийг тавиагүй байдаг. Үүнээс болоод ямар их боломж алдаж байгаагаа тэд мэддэг болов уу.
Адам мөн өгүүлрүүн:
Эдийн засагт хамгийн чухал ойлголт бол үнэ цэнэ (value). (Жич: Value-г үнэ цэнэ гэж орчуулах нь уг нь буруу гэж би боддог. Гэхдээ түгээмэл хэрэглээг нь бодоод энд биччихлээ.) Хоёр төрлийн үнэ цэнэ бий. Нэгт солилцоход үнэ цэнэтэй байх, хоёрт хэрэглэхэд үнэ цэнэтэй байх. Солилцооны үнэ цэнэ өндөртэй мөртлөө хэрэглэхэд үнэ цэнэ багатай байж болно. Ус жишээ нь хэрэглэхэд маш үнэ цэнэтэй бүтээгдэхүүн. Усгүйгээр хүн амьдарч чадахгүй. Гэхдээ солилцоонд үнэ цэнэ нь бага. Алмаз харин хэрэглэхэд үнэ цэнэ багатай мөртлөө солилцоход маш үнэтэй. Шалтгаан нь алмаз маш ховор. Ерөөсөө хөдөлмөр бол хамгийн гол үнэ цэнийг тодорхойлогч хэмжүүр. Хэр их хөдөлмөрлөж байж тухайн зүйлийг олж авах вэ гэдгээс гол үнэ цэнэ гарч ирдэг. Гэхдээ цаг үе, байршил зэргээс үнэ цэнэ бас ихээхэн хамаардаг. Ер нь эрдэнэшиш маш удаан хугацаанд үнэ цэнэ тодорхойлогч байсан. Яагаад гэвэл бий болгоход зарцуулдаг хөдөлмөр нь хаана ч бараг адилхан байдаг. Мэдээж энд хөдөлмөрөөс гадна мэдлэг, ухаан, ур чадвал шингэж байж баялаг бий болно.
Энд нэмж хэлэхэд манай эдийн засагчид value-added гэдгийг нэмүү өртөг гэж бас буруу ярьж байх шиг санагддаг. Харин ч эсрэгээрээ нэмэгдэл үнэ цэнийг бий болгох тухай юм. Адам Смитээс эхэлсэн энэ ухаан анхандаа "Улс төрийн эдийн засаг" гэж нэрлэгддэг байсан нь их учиртай. Үнэ цэнэ, баялагийг хүмүүс нийлж бүтээхээс гадна улс үндэстнүүдийн түвшинд яаж баялагийг өсгөх вэ гэдэг асуулт хамгийн гол асуулт нь байсан гэдэг. Мөн баялагийг хэрхэн хуваарилалт хийх вэ гэдэг асуудал ч анх гарч ирсэн юм. Тийм учраас улс төртэй гарцаагүй холбоотой болж таардаг. Манай профессор Андрэйс Нийфийн хэлснээр бол Адам Смит зөвхөн чөлөөт зах зээлийг сурталчлаагүй, хүмүүст боломжийн амьдарч болох цалин өгөх ёстой гэж үздэг байсан гэнэ лээ (reasonable salary).
Адам цалин хөлсний талаар өгүүлрүүн:
Ямар ч тохиолдолд ажил олгогч өндөр цалин өгөх вэ гэдэг нь хэр их итгэл байгаагаас шалтгаалдаг. Эмч, өмгөөлөгчид жишээ нь ихэнх газар өндөр орлоготой. Энэ хоёрт хүмүүс мөнгө төлөхөд хүмүүс бэлэн байдаг. Яагаад гэвэл тухайн мэргэжлийн хүн амжилт олох магадлал нь өндөр байна гэсэн үг. Харин зарим мэргэжил маш тодорхойгүй. Жишээ нь яруу найрагч. Нэг орчинд байгаа ажил олгогчдын давуу, сул тал ихэвчлэн ойролцоо байдаг. Хэрэв аль нэг нь бусдаасаа давуу талтай байвал бүх хүн хошуурна. Ер нь бол хүмүүс эрт дээр үеэс ялгаатай цалин хөлс авч ирсэн. Хэрэв бүгд адилхан цалин хөлс авдаг бол хувь хүний сонирхол болон авъяас чадварт орон зай үлдэхгүй болно. Хөдөлмөрийн либерал хөлс нь өсөн нэмэгдэж буй баялагийн үр нөлөө бөгөөд энэ хүн ам нэмэгдэх ч шалтгаан болдог. Хөдөлмөрийн хөлс нэмэгдэх нь бас үйлдвэрлэлийг ч нэмэгдүүлдэг. Мөн хүмүүс илүү өндөр цалинтай болсноор илүү үнэнч, шударга болдог.
Энд нэмж өгүүлэхэд хүмүүс өндөр цалинтай болохоор илүү үнэнч, шударга ажилладаг гэдэг их чухал санаа юм шиг санагддаг. Үүнийг Монголд барилга дээр ажиллахаараа хулгай хийгээд байсан мөртлөө Солонгост очихоороо үнэнч, шударга ажилладаг олон хүмүүсийн жишээнээс харж болмоор. Д.Лхагвасүрэнгийн Ажил (2016) номонд бичсэнээр Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудад хөдөлмөрийн орлого нь ДНБ-нийхээ 60-70 хувийг эзэлдэг гэнэ. Харин манайд дөнгөж 22 хувьтай байдаг. Тэгэхээр манай ажил олгогчид бас бодмоор санагддаг. Уг нь компани бол хүмүүс хамтраад амьдралаа дээшлүүлэх ашиглагддаг хэрэгсэл. Тиймээс хамтарсан хүмүүс олсон орлогынхоо ядаж 50 хувийг цалин хөлсөөр дамжуулж буцаагаад авахад болохгүй юмгүй мэт.
Адам сургалтын талаар өгүүлрүүн:
Зарим ажлын байранд жишээ нь худалдааны ажилд сургалт шаардлага байдаггүй. Худалдааны хүнд бол дадлага, туршлага л байхад болдог. Механикийн ажилд бол хэдэн хоногийн сургалт хэрэгтэй.
"Чи бүх зүйлийн талаар мэдлэг сайтай хүн байж болно. Гэхдээ үүний чинь төлөө хэн ч чамд илүү үнэ төлөхгүй."
Миний нэмэлт:
Манай КТМС-ийн багш А.Болормаа бидэнд хамгийн богино үгтэй онигоо сонссоноо хэлсэн юм. Тэр нь "цалингаараа амьдрав". Ер нь Монголчууд бид хэзээ бусад орнуудын иргэдтэй адил түвшинд, өрсөлдөхүйц цалин хөлстэй болох вэ гэдэг асуулт хүмүүс асуудаг. Яагаад гэвэл олон оронд хүмүүс цалингаараа хангалуун амьдарч байна. Эдийн засагч Д.Жаргалсайхан "Чи цалингаараа хангалуун амьдардаг болмоор байвал бусад орны иргэдтэй өрсөлдөхүйц ур чадвартай бол" гэж хэлж байсан. Энд мэдлэг биш ур чадвар гэж байгааг анхаарах хэрэгтэй байх. Мэдлэгтэй боловч чадваргүй бол чамд хүмүүс илүү мөнгө төлөхгүй. Үүнийг Адам аль эрт хэлжээ. Манайд сургалт (бага, дунд, дээд боловсрол) дэндүү мэдлэг төвтэй яваад байгаа юм. Энд уламжлалт цээжлүүлдэг, хуулан бичлэг хийлгэдэг зэрэг арга барилын гол сул тал оршдог.
Адам үнийн талаар өгүүлрүүн:
Хамгийн гол нь үнэ л хамгийн чухал мэдээллүүдийг дамжуулдаг. Тийм учраас үнийг л судал. Хөрөнгийн ногдол ашиг, хөдөлмөрийн хөлс хоёр улс үндэстний баялагийн өсөлт, бууралтаас шууд хамаардаг. Зарагдаж буй үнийг захын үнэ гэж нэрлэдэг. Уг үнэ нь бодит үнэнээсээ ямар ч хэлбэлзэлтэй байж болно. Монополийн үнэ бол ихэнх тохиолдолд хамгийн өндөр байдаг бол чөлөөт өрсөлдөөний үед ихэнх тохиолдолд хамгийн бага байдаг. Гэхдээ байнга биш. Ер нь ховор байдал л үнийг өндөр байх шалтгаан юм. Гэхдээ хол зайтай үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүд хэзээ ч хоорондоо өрсөлддөггүй. Тухайн барааны үнэ бага байх нь цаг хугацаанаас бас хамаардаг. Нөгөө талаас солилцооны үнэ цэнээс хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл чи бусдад хэрэгцээ багатай зүйл хийгээд байвал амжиргаа чинь сайжирч чадахгүй л гэсэн үг.
Энд нэмж өгүүлэхэд Адам зөвхөн улс орны бодлого боловсруулагч нарт ч биш, хувь хүмүүст ч гэсэн чухал санааг айлдсан байдаг. Нэгт чи хэр зэрэг бусдад үнэ цэнэтэй юм хийж байгаа юм бэ гэдэг асуулт бол чиний хэр зэрэг үнэтэй байхын шалтгаант нөхцөл. Өөрөөр хэлбэл солилцооны үнэ цэнэтэй багатай ажил хийчихээд өөрийг нь үнэлэхгүй байна гэх хүмүүс бий. Адам бас номондоо цалин, хөрөнгийн ашиг, түрээс гэсэн гурван үндсэн орлогын эх үүсвэр байж болно гэсэн байдаг. Орчин үед бол маш олон хувилбарууд бий болсон. Тиймээс хангалуун амьдрах хүсэлтэй хүн бусад эх үүсвэрүүдийг ойлгодог байхгүй бол болохгүй. Нөгөө талаасаа иргэд нь түрээс, хөрөнгийн ашиг хүртдэг байхын тулд өмчийг эрхийг хамгаалдаг инстүүц хөгжиж, төлөвших зайлшгүй шаардлага гардаг.
Цааш нь өөрсдөө уншина уу....бас "Ёс суртахууны онол"-ыг...
Ашигласан материалын жагсаалт:
1. Smith, A. (1937). The wealth of nations [1776].
2. Баабар (2016) Энэ гурван номыг л уншчих [онлайн] http://www.baabar.mn/article/7756
3. Д. Лхагвасүрэн (2016) Ажил. Хаан принтинг..
Анне Роберт Жак Тюрго, Ричард Кантиллон хоёрыг л орчин цагийн эдийн засгийн ухааныг үндэслэсэн гэдгийг ихэнх хүмүүс мэддэгүй юм шиг байгаа юм. Адам Смит бол наад хоёрын чинь бүтээлийн хэсгээс хулгай хийж байлаа шд. Адам Смит хөдөлмөрийн хуваарийн ач холбогдлыг их дажгүй тодорхойлсноос бус үнэ хэрхэн тогтдог энэ тэр дээр бол бүх юм нь дандаа буруу байдаг шд.
ReplyDelete