Би ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийдлээ

Дэлхийн Банкны судалгаагаар 2017 онд Монголын эдийн засаг хасахтай гарах дүр зураг харагдаж байна. Өнгөрсөн онд 1 хувийн өсөлт л үзүүлсэн. Сүүлийн хэдэн жил эдийн засаг маань эрчимтэй уруудаж, зээлээ ч төлж чадахгүй хэмжээнд хүрсэн. Аргаа ядсан засаг маань ОУВС-аас тусламж гуйлаа. Энгийн үгээр дүгнээд хэлэхэд манай төр засгийнхан эдийн засгийн хямралаас гарах тал дээр үнэндээ таг суужээ.

Эдийн засаг хямралын байдалтай байгаа нь олон талаараа улс төрөөс хамааралтай. Ер нь сүүлийн үед олон эдийн засагчид (Жишээ нь Кэмбрижийн профессор Ха Жүүн Чан) эдийн засаг бол улс төрөөс маш их хамааралтай гэдгийг хэлдэг болжээ. Анх эдийн засгийн ухаан үүсэхдээ ч "Улс төрийн эдийн засгийн ухаан" буюу Political Economy нэртэйгээр бий болсон. Мэнгэр, Живонс, Бэйтс гэх мэтийн нөхдүүд неоклассик дэг сургуулийг бий болгохдоо улс төрийн гэдэг хэсгийг нь салган хаяж, эдийн засгийн ухааныг "hard science" болгох зорилго тавьсан. Энэ нь ч өнөөдөр эдийн засгийн ухааны гол дэг сургууль хэвээр. Гэхдээ эдийн засгийн гол суурь болсон инстүүцүүд нь улс төрийн инстүүцүүдтэй нягт холбоотой, нягт хамааралтай юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэдгийг Ж.Робинсон, Д.Ажэгмоглоу нар "Үндэстнүүд яагаад сүйрдэг вэ" гэх номондоо их гоё тайлбарласан байдаг.



Ер нь эдийн засаг, улс төр хоёр бараг л нэг зоосны хоёр тал гэхэд буруудахгүй. Энэ талаар Людвиг Фон Мизес ингэж хэлжээ. "Улс төрийн асуудлуудын талаар ярьдаг хэдий ч эдийн засгийн үндсэн ухагдахуунтай танилцаагүй хүн бол зүгээр л нэг хоосон чалчигч, өөрөөсөө ялгарах юмгүй багахан мэдээлэлтэй хүний үгийг тохиолдлоор олж сонсчихоод тоть шиг давтан дууриаж буйгаас өөр юмгүй нэгэн билээ." 

Зарим судлаачид, тухайлбал УИХ гишүүн асан М.Батчимэг эдийн засгийн хямралын нь цаад шалтгаан нь тогтолцооны хямрал гэж онош тавьж байх юм. Өөрөөр хэлбэл 1992 онд баталсан үндсэн хуулиа өөрчлөхгүй бол дараа дараагийн хямралууд ар араасаа хүлээж буй гэнэ. Энэ санааг нь дэмжиж буй хэсэг ч цөөнгүй байна. Жишээ нь Хотын дарга асан Э.Бат-Үүл хоёр танхимтай парламенттай болох ёстой талаар удаа дараа ярьсныг сонслоо. Түүнийхээр одоогийн мөнгөний сонгуулийг өөрчлөх цорын ганц арга нь энэ.

Миний бодлоор асуудлыг данц ганц объектив хүчин зүйлээр харах нь өрөөсгөл. Магадгүй обьектив хүчин зүйл буюу тогтолцоо ба түүнийг дагасан механизмуудаас хамааралтай хүчин зүйл тавин хувь, харин субьектив хүчин зүйл тавин хувийн нөлөөтэй. Энэхүү бичлэгийн маань гол зорилго ч гэсэн тэрхүү субьектив хүчин зүйлд анхаарлаа хандуулах гэхэд болно.

Саяхан Баабар "Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна" гэсэн өгүүлэл бичиж шуугиан тарьлаа. Би л хувьдаа Баабар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байна гэж биш "Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна" гэсэн өгүүлэл бичлээ л гэж харж байна. Намаасаа гарч чадахгүй гэдгээ тэр хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа. Хамгийн гол нь энэхүү өгүүллээрээ өнөөгийн улстөрд байгаа асуудлуудын гол учир шалтгааныг гаргаж хэлсэн. 

Тэрээр өгүүлэлдээ: 

"Олон түмнийг хуурч байгааг, луйвардан дарлаж байгааг хэлсэндээ, илчилж явсандаа сэтгэл ханасан маань буруу болжээ. Хулгайчийн гарыг гавлалцахын оронд "хулгай хийж байна, харж байгаа биз!" гэж хэлээд явсан маань учир мэдэх хүний хувьд гаргасан алдаа болсон байх. Мөрөөдөж яваад учирсан, өөрийн биеэр авчралцсан, үр шимийг нь амссан үнэт зүйлээ аврахын тулд өөрөө оролцохоос өөр аргагүй болсноо та нарт дуулгаж байгаа маань энэ." 

Мөн тэр өгүүлэлдээ: 

"Эргэн тойрноо эргүүлээд нэг харцгаа даа. Бид нэг өдөр баяжаад л, нөгөө өдөр гуйлгачин болоод л, нэг бялуурч мөнгө тараагаад л, тэгснээ гэнэт өрийн тулам болоод л өдөр хоногийг өнгөрүүлсээр олон жил боллоо. Энэ нь эхэндээ эрх баригчдын мунхаг бодлогын үр дүн байсан бол өдгөө тоотой хэдэн бүлэглэлийн зориудаар үйлдэж байгаа маш "ухаалаг" бодлогын төлөвлөсөн ажиллагаа болон хувирчээ." 

Түүний өгүүллийг багцлаад харвал Монголын улстөрд "хулгай" хэрээс хэтэрчээ. Үүнийг яаралтай засахгүй бол асуудал бүр хорт хавдар болох түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрсөн гэхэд буруудахгүй байх.

Мөн саяхан Эдийн засагч, Де Факто нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан гуай "Монголчууд бид загас болчихоогүй шүү." нэртэй өгүүлэл бичлээ. Уг нь Д.Жаргалсайхан гуай нэгэн форум дээр энэ үгээ хэлсэн юм. 

Тэрээр өгүүлэлдээ:

"Өөрийн өмчийн газар дээрээ хувийн компаниудаар орон сууц бариулж, эхлээд хэдэн байр, удалгүй орцоор нь хотын нэр дээр авдаг болов. Гэвч тэр олон байрууд Улаанбаатар ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүгд ороогүй, орсон нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байсан тухай Нийслэлийн Аудитын 2006 оны тайланд дурджээ. Удалгүй ХХК ямар нэг тайлан ч гаргахаа больж, сураг алдрав. Засаг дарга М.Энхболд 2003-2004 онд одоогийн Дүнжингарав хорооллоос зүүн тийш Амгалан хүртэлх 970 га хоосон байсан газрыг ганцхан Мон-Уран компанид бөөндөж "бэлэглэснээр" газрын жижиглэнгийн худалдаа гаарав." 

Мөн тэр өгүүлэлдээ:

"Улаанбаатар банк болон ХХБанкинд засаг дарга асан МАН-ын М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар "онцгой хайртай" учир хотын төвийн, нийтийн эзэмшлийн, өндөр үнэлгээтэй олон газар, цэцэрлэгийн энэ хоёр банкны мэдэлд "шилжүүлчихдэг" байсныг иргэд харж байна. Үүний хамгийн тод жишээ нь Нийслэлийн  засаг дарга асан, эдүгээ Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр 2012 оны сонгуульд нам нь ялагдсаны дараа, хотын шинэ захиргаа байгуулагдахаас урьтаж наадмын өмнөх өдөр Сүхбаатарын талбайн урд хэсгийг өмнөх цэцэрлэгтэй нь хамт, УБ зочид буудлын өмнөх цэцэрлэг, Тагнуулын Ерөнхий газрын өмнөх цэцэрлэг, Ю.Цэдэнбалын талбай ба цэцэрлэг, Академич Б.Ширэндэвийн хөшөөтэй Оюутны талбайг цэцэрлэгтэй нь Улаанбаатар банкны эзэмшилд "бэлэглэчихээд" оджээ."

Баабар өгүүлэлдээ ерөнхий зүй тогтлыг хэлсэн бол энэхүү өгүүлэлд бүр хэн, яаж хулгайлж байгааг нэртэй устай нь хэлжээ. Монголын улстөрийг судалдаг, нийтлэл бичдэг, нэгэн "ааш муутай" нөхөр бий. Судлаач Ганааг би жиргээнд дагадаг юм. Тэрээр жиргээндээ: "Монголын улстөрчид 20 гаруй жил манай ард түмнийг хулгай, дээрэм, луйварт хэтэрхий дасгаж, сургаж, зомби мэт ховсдсон. Одоо Монголчууд сэрж байна." Тэр бас: "Ямар ч онол Монголд бугшсан хулгай, дээрэм, авилгыг тайлбарлаж чадахгүй. Манай үндэстэнд хулгайч, дээрэмч, авилгачдыг зайлуулах 1 л зам буй." .....гэж жиргэжээ.

Датакомын компанийн үүсгэн байгуулагч, Монголын интернетийн анхдагч Д.Энхбат гуайг би мөн твиттерт дагадаг юм. Тэрээр бас ингэж жиргэсэн байдаг. "Монголын хямрал бол ЭЗ-ийн биш, хулгайн (авилгын) хямрал. Эдийн засаг бол ердөө хохирогч нь. Авилгын эх УТ-ын нам, мөнгөний сонгуулийн тогтолцоонд." Тэр бас: "Монгол ЭЗ-ийн гэхээсээ хулгайн хямрал нүүрлэсэн. Тиймд хулгайг багасгах томоохон шинэчлэл хийхгүйгээр шинэ мөнгө тус болохгүй, ЭЗ сэргэхгүй. ".....гэж бичсэн байдаг. 

Энд би зориуд улстөрийн намуудаас тодорхой хэмжээнд хараат бус байж чаддаг, мөн Монголын улстөрийн гал тогоог сайн мэдэх хүмүүсийн үгнээс эшлэлээ. Хамгийн гол энд би юуг хэлэх гээд байгаа юм бэ гэхээр Монголын улстөрийн хамгийн том проблем нь ердөө "хулгай" гэх ганцхан үгээр илэрхийлж болохоор харагдаад байгаа юм. Дэлгэрүүлбэл авилгачин, офшорчин, газрын наймаачин, тендерчин гэх мэтээр олон хэлбэрүүдтэй байж таараа. Гэхдээ сэдлийн хувьд ч, үр нөлөөний хувьд ч бүгд л адилхан.

Зарим судлаачид нео-либерализмыг их буруутгадаг, зарим нь барууны гар хөл болсон нөхдүүд Монголын улс төрийг сүйдэлж байна гэдэг. Зарим нэг нь бурууг хоёр хөрш рүү чихэж харагддаг. Гэхдээ эцсийн дүнд тэр бүгд биш,  ерөөсөө "хулгай" л юм биш үү?

Саяхан нэг хуульч найзтайгаа ярилцлаа. Тэр залуу бол хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн хуульч, судлаач залуу. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой маш олон маргаанд өмгөөлөгчөөр амжилттай ажиллаж буй нэгэн. Түүнээс би өнгөрсөн сонгуулийн дараа намын шугамаар олон хүн ажлаас халагдсан, тэр хүмүүсийн хэдэн хувь нь шүүхэд хандсан бол гэж асуусан юм. Гэтэл тэр ихэнхи нь шүүхдээгүй шдээ гэв. Тэр ярианаас үүдэж надад яагаад Монголчууд бид ийм хүлцэнгүй байгаа юм бэ гэх асуулт төрсөн юм. Д.Жаргалсайхан гуайн хэлдэг шиг "Бид загас болчихоогүй биз дээ?!". Улстөрчид хулгай хийж л байдаг, бид тэгж л байг гээд суусаар байх уу. Хулгай хийсэн хүнийг арав ташуурд, хулгай хийлгэхэд хүргэсэн хүнийг бас арав ташуурд гэдэг үг бий. Өнөөдөр улстөрчид зоргоороо хулгай хийж байгаад жирийн монголчууд бид ч буруутай. Тиймээс үүний эсрэг зогсох зайлшгүй шаардлага тулгарчээ. Тэмцэе.!!! Гэхдээ энд би тэмцэнэ гэж талбай дээр гарч жагсах тухай яриагүй. Бас заавал улстөрд орж, эрх мэдэл авч тэмцэх албагүй. Тиймээс ч "би ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй" гэж энэ бичлэгээ нэрлэсэн юм. Миний уриалах тэмцэл бол их энгийн. Бүү дэмж, бүү оролц. 

Бүү дэмж 

Ардчилсан намд ч, Ардын намд ч байдаг танил, нөхдүүдээ харж байхад тэд маань "за одоо яахав дээ" намын дарга юм чинь дэмжихээс өөр арга алга гэдэг ч юм уу, мөнгө өгсөн юм чинь дэмжинэ шдээ гэх маягаар ханддаг болоод удлаа. Авилга авсан, албан тушаалаа ашигласан, офшорт мөнгө нуусан, тендер "зохисон" гэдгийг нь мэддэг бол шүүхэд бариад өгч чаддаггүй юмаа гэхэд дэмжих ээ л зогсоочих л доо. Хулгай хийсэн хүнийг дэмжиж байна гэдэг бол магадгүй хулгай хийхээс ч том нүгэл. Тиймээс би залуучууддаа уриалах гээд байгаа юм. Дэмжихээ л зогсоочих. Энэ бол том тэмцэл.  Үүнийг та чадах ёстой. 

Бүү оролц

Би Шинэ Зеландад сургуулиа төгсөөд эх орондоо ирчихээд нэг ахтайгаа уулзсан юм. Ямар ажил хийх бодолтой байна гэхээр нь хэллээ. Гэтэл мөнгө л өгч орно доо гэв.  Би илт дургүйцлээ.  Үүнээс болоод яриа тун эвгүй байдал руу орчихлоо. Намайг бараг мангар амьтан гэх маягтай. Надад мангараар дуудуулахад уурлах, мангараар дуусахад  харамсах юм алга. Хэрэв заавал хэн нэгэнд хахууль өгч байж хүссэн ажилдаа орох ёстой юм бол би зүгээр л цэвэрлэгч хийгээд явъя л даа. Баабарын хэлдэгээр би хулгайд оролцдоггүй мундаг гэх гэсэн юм биш. Зүгээр л ирээдүйгээ боддог хүн болгон л ийм шийдвэр гаргах ёстой. Багахан зайд ч болтугай алсыг хараад үз л дээ. Өнөөдөр улстөрд буй хулгайг цэцэглүүлэх биш, дэлгэрүүлэх биш ядаж өөр дээр чинь тулж ирэхэд л зогсоох учиртай. Үүнийг бол та  бид заавал чадах ёстой.

No comments:

Post a Comment