The Suicide Society

Энхээ таксинд яваад арваад жил болжээ. Уг нь дунд сургуульд байхдаа урлагийн хүн болно гэж мөрөөддөг байсан нэгэн. Гэвч амьдралын эрхээр "халтуур хийж" хэдэн төгрөг олох санаатай эхлээд нэг мэдэхэд л арван жил өнгөрч. Арван жилийн өмнөх яг энэ өдөр эхэлсэн. Нарантуул зах орох санаатай явж байтал нэг залуу өмнө нь гэнэт гарч ирээд дайруулах шахаж. Эхнэр нь төрөх гээд яаралтай унаа хайж байсан залуу байж л дээ. Тэр өдөр ухаан жолоогүй явж эхнэрийг нь нэгдүгээр төрөх газар хүргэж өгсөний төлөө баярласан залуу хоёр зуун мянган төгрөг өгсөн. Төрөх гэж байгаа хүүдээ түүний нэрийг өгөхөөр болсон тул энэ өдөр санаанаас нь гарахгүй үлдсэн хэрэг. Ингээд л тэр таксинд яваад эхэлсэн. 



Арван жил мөн ч хурдан өнгөрч дээ гэж бодон, санаа алдан машинаа зогсоолоос авахаар хөдлөв. Намрын ийм бүүдгэр өдрүүдийн уйтгартайг ч хэлэх үү. Гэхдээ хүнээ аваад эхлэхээр уйдах зав гарах биш. 

Тэр нилээд явсны эцэст нэг хүн гар өргөж байхыг харлаа. Эсрэг талын зам дээр учраас дүрэм зөрчиж гялс маневерлахаас өөр аргагүй. Цагдаа харж байгаад дарж орхив. Ямар сураагүй юм биш. Төв зам дээр мэдээж эргэх хориотой. Машинд суусан залуугаас хаа хүрэх гэж байгааг нь асуулаа. Гандан орно гэсэн тул тэр зүг нь хөдөллөө. Яриа хөөрөөтэй залуу юм гээч. За дүү хүү гандан орж ном уншуулах нь уу гэтэл тийм ээ маргааш докторын зэрэг хамгаална тиймээс хийморийн сан тавиулдаг юм уу гээд явж байна гэлээ. Гандан хүрээд буух гэхэд нь "сандуйн жүд" бас давхар уншуулах хэрэгтэй гэдгийг санууллаа.  

Гандангаас хөдлөх гэтэл ашгүй, нэг лам гар өргөж таарлаа. Нэг гартаа хоёр ч гар утас барьсан, нөгөө гартаа нилээд зузаан түрийвчтэй. Км дээр нь хэдэн цаас нэмээд хэлчихэд хэрүүл хийгээд байхааргүй мөнгөтэй лам бололтой гэж бодов. Та хаана хүрэх вэ гэж асуутал хороолол орж нэг хүн аваад цаашаа явна гэлээ. Тэгээд хорооллын зүг хөдлөв. Замын түгжрэл багатай үе таарч, хурдан ч хүрэв. Хорооололд нэг байрны урд талд зогсоод, ламтан утсаар яриад ирснээ мэдэгдээд хэсэг хүлээв. Удалгүй нэг бүсгүй гарч ирээд машинд суулаа. Төв царайгаар мэндлээд ажил төрөл нь хэр зэрэг байгаа талаар ойр зуурын хэдэн үг солив. Хаа хүрэхийг нь асуутал тэндээс ойрхон нэг жижиг буудал орно гэв. Тэгээд дараа нь бараг нэг ч үг дуугарсангүй. Ламтан хаа нэг харц чулуудна. 

Лам, хүүхэн хоёрыг хүргэж өгөхдөө хоёр мянган төгрөг нэмж авсандаа баярлаад цааш хөдөллөө. Тэндээс хөдлөөд хэсэг хүнгүй явлаа. Ер нь хүн багатай өдөр таарч. Уг нь гайгүй л байдаг даа. ФМ-ээ асаатал "Монгол коммент" нэвтрүүлэг явж байна. Энэ муусайн улстөрчид энэ улс орныг бүр авах юмгүй болгож байна даа гэж бодоод явж байтал ашгүй нэг хүүхэдтэй эмэгтэй гар өргөлөө. Хаа хүрэх үү гэтэл ойролцоох дунд сургууль хүрэх гэж байгаагаа хэллээ. Төд удалгүй эмэгтэй хүүхдэдээ хичээлийг нь зааж эхэллээ. Охин нь шалгалтадаа уначихсан бололтой. Танай багш Алтанцэцэг гэж яачихсан дүүрчихсэн амьтан бэ, түвшин тогтоох шалгалтад хэдэн хүүхдээ аваад гарчихаж чадахгүй гэж ахарчилангүй хэллээ. Би лав ангийнхаа хэдийг бүгдийг нь аваад гарсан. Энхээ үг солих гэснээ ааш муутай байгаа хүнтэй ч юу ярихав гээд амиа хамхив. Муу техниктэйгээ яриад байлтай нь биш, машинд хүн суух болгонд л ярих гээд хэл нь загатнана. Хэд хэдэн ч удаа таксины жолооч, та нар яасан олон үгтэй юм бэ гэж загнуулж байсан удаатай.  

Өглөө цай уудаггүй болохоор 11 цаг өнгөрөөгөөд өлсөөд эхэлнэ. Бараг л ходоод нь өөрийн цагтай гэлтэй. 11 цаг 20 минутад ходоодноос мэдээлэл ирлээ. Монгол бууз оръё байз гэж бодоод зогсоол дээр машинаа тавьлаа. Ороод 8 бууз, сүүтэй цайтай аваад цохиж орхив. Гуанзнаас гараад нэг сайхан хэхэрч аваад машиндаа суулаа. Одоо нэг сайхан тамхилчихвал уу. Гэхдээ эхнэр тамхинаас гар гэж үглээд болохгүй болохоор нь аргагүйн эрхэнд "хаялаа" гэж хэлээд нэг сар болжээ. Оронд нь түцнээс бохь авч зажиллаа. Эргээд хартал нэг аххүү гараа өргөж байна. Ухарч очоод аххүүг авчихлаа. Сүхбаатарын шүүх орно, хурдлаарай гэлээ. Их л яарч яваа бололтой. За мушгиад өгье гэж бодоод хэд хэд сүлжээд, бага зэрэг урсгал сөрөөд давхичихсан чинь "нэг тэнэг юм" гэнэт гарч ирээд мөргүүлчихлөө. Ууртай амьтан гарч ирээд орилж гарлаа. За, цагдаа л дуудахаас гээд байж байтал ард сууж байсан аххүү за би аргалъя гээд утсаар ярилаа. Би хуульч хүн энэ зэргийг юмийг аргалж дөнгөнө, тиймээс чи тайван бай гэлээ. Нээрээ ч удалгүй нэг цагдаа ирлээ. Тэр цагдаа руу дарга нь ярьсан бололтой. Их л эелдэг харилцана. Мөргүүлсөн жолоочтой ярилцаж байгаад эвтэйхэн тохиролцоод салахаар боллоо. Сүхбаатар дүүргийн шүүх дээр ч яг цагт нь хүргэж өглөө.

За байз, хаагуур явъя даа гэж бодон хэсэг тээнэглэзэв. Энэ хавийн байрнууд дундуур яваад үзвэл яадаг бол гээд туслах замаар ороод хэсэг явсны эцэст нэг хүн гараа өргөж буйг олж харлаа. Өөр такси олж харахаас нь өмнө бушуухан суулгачих санаатай хашлага даваад давхиад очив. Баянзүрх дүүргийн эмнэлэг орно гэж хэлэхтэй нь зэрэгцээд архины нэвширсэн үнэр ханхийв. Урьд шөнө навс архидсан нь илт. Архи ч бас л айхтар эд шүү, хүнээс ингэж үнэртэж байдаг... Яриа өдөх санаатай төв замаар явна биздээ гэж лавлалаа. Тиймээ л гэнэ. Өчигдөр хамуудтай нийлж жоохон уучихсан чинь толгой дэлбэрэх нь. Яажшуухан өнөөдөр үзлэг хийнээ новш гэхэд нь... өө харин уусны маргааш ч новшийн шүү гэж хариуллаа. Та Баянзүрх дүүргийн эмнэлэгийн эмч үү гэвэл тийм ээ, дүүргийн эмнэлэгт ажилладаг гэв. Удалгүй эмч залуугийн утас нь дуугарч тэдний яриа үүгээр дуусав. Баянзүрх ортол ч түгжрэл гэж найгүй. Яах ч аргагүй. Түгжрэл дундуур дуу сонссоор арай гэж хүргэж өгөв.

Түгжирч байхаар гэж дээр байх бодоод тэр хавьдаа хэсэг зогсож хүн хүлээлээ. Бараг гучин минут зогссоны эцэст ойролцоох намын байрны урдаас хэдэн залуучууд гарч ирээд машинд суув. Том том камернууд барьсныг бодвол зурагтын хүмүүс бололтой.  Зурагт орноо гэж урд суусан хүүхэн хэллээ. За ашгүй овоо зайтай газар явах нь гэж бодоод хөдөллөө. Урд суусан хүүхэн утсаар ярина. Яриаг нь чагнавал өөр бас нэг телевизийн хүнтэй ярьж байгаа бололтой. Балдан гуай танайхтай хаалтын гэрээ хийнэ гэсэн битгий наадахаа гарга. Оронд нь дөнгөж сая бидний авсан бичлэгийг гаргачих гэлээ. Удахгүй сонгууль болох гээд байна шдээ. Сонгуулиар хамгийн их мөнгө хаях гишүүн шүү гэх мэтийг ярьлаа. Энхээ ч иймэрхүү зүйлд дөжирсөн толгой. Залуучууд хоорондоо нэвтрүүлгээ ярилцана. Энэ удаа өмнөхөөсөө ч илүү түгжирч явсаар хүрэв.

Нэг хүн гараа өргөж байхыг энэ хавьд зогсчихож болох уу гэж асуулаа. Болно, болно гэсэн тул тэнд зогсов. Гараа өргөсөн хүн нь замын цагдаа. Цагдааг дэмий ч авлаа гэж бодол түүнд цухасхийснээ за дүүрсэн хэрэг гэж бодоод хөдөллөө. Хаа хүрэх үү гэхэд "Замын цагдаагийн газар" орноо... За түгжрэлийн оргил цаг эхэлчихлээ дээ, яг ажил тарах энэ үеэр ч мөлхөнө дөө гэлээ. Үнэхээр ч хэсэг мөлхлөө. Бараг явган алхаж байгаа хүн хажуугаар жирэлзэнэ. Залхсан замын цагдаа утсаараа ярив. Зам дээр зохицуулалт хийж байгаа хүнтэй ярьж байгаа бололтой байрлалаа зааж өгөөд манай эгнээг татаатах гэлээ. Ашгүй, замын цагдаа суусан учраас хурдан явах нь гэж тэр баярлав. Удалгүй тэдний эгнээ хурдан явж эхэллээ. Зохицуулалт хийж байгаа цагдаа зөвхөн тэдний эгнээг л явуулаад бусдыг нь зогсоочихсон тул саадгүй том түгжрэлээс гарлаа. Хэсэг явсны дараа дахин нэг утас цохиж дараагийн түгжрэлийг ч гэсэн аргалав. Ингэж явах ч сайхан юм аа, төрийн гурван өндөрлөг шиг гэж цагдаад хэллээ. Түгжрэлд 2 цаг явдаг газар 1 цаг ч хүрсэнгүй.

Замын цагдаагийн газраас гэртээ харьж оройн хоолоо идчихээд дахиад явъя гэж бодоод хөдөллөө. Эндээс тэдний гэр ойрхон. Байрнууд дундуур хэд хэд сүлжихэд л гэртээ хүрчихнэ. Бас л нөгөө хэдэн зохиолын дуугаа бахируулсаар гэрийн ойролцоох машины зогсоолд хүрлээ. Зогсоол ч гэж дээ хашааны булан, хүүхдийн тоглоомын талбай юм уг нь. Энхээ машинаасаа буугаад эргэж хараад хоёр гурав алхтал байрны хажуунаас гэнэт нэг юм гараад ирээд мөргөчихөв. Машин харангуутаа хажуу тийшээ бултах гээд чадсангүй. Машин ч тэр доор нь тоормозлосон болов ч зогсож чадсангүй. Мөргөсөн машиныг хартал түргэний тэрэг. Түрэгний тэрэгнээс цагаан халаадтай эмч гарч ирээд яав, ийв, гайгүй юу гэж ориллоо. Энэ хөл...гээд хөлөө үзүүлэв. Хөл нь хугарсан бололтой. "Аз"-аар түргэний тэрэг байж таарлаа. Маякаа асаагаад хөдлөв.

2017.03.09

2 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Нэг хүн гараа өргөж байхыг ХАРААД энэ хавьд зогсчихож болох уу гэж асуулаа.

    ReplyDelete