Хөгжлийн тухай

Эдийн засаг, улстөрийн чиглэлээр баклаврт суралцаж буй дүү нартаа зориулав. 

Манайх шиг хөгжиж буй орны эдийн засагчдын ч, улс төрчдийн ч хамгийн түрүүнд хариулах гэж оролддог "цөм" гэж хэлж болох асуулт бол хэрхэн хөгжих вэ гэдэг асуулт. Ирээдүйн улстөрчид, эдийн засагчдад уг асуултад хариулахад нь нэмэр болох үүднээс би хичээл дээрээ үзсэн хөгжлийн тухай онол, бүтээлүүдийн талаар бичлээ. Үүнийг бичихдээ системтэйгээр хамгийн сүүлийн үеийн онол, хандлагуудыг хамруулах зорилгоор өөрийн үзэл бодлоо хойш тавиад хөндлөнгийн байр суурьнаас хандах гэж оролдлоо. 



Тогтвортой хөгжил - Хүн төрөлхтний ирээдүй? 

Манай профессор Андреас Нийфийн хэлснээр 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбумд хүрэх аж. Үүнтэй холбоотойгоор дэлхий нийтийг хүнс, ус, эрчим хүчний гээд томоохон хямрал, сорилтууд хүлээж байгаа гэнэ. Бас дэлхийн дулаарал, бусад цаг уур, байгалийн өөрчлөлтүүд ч улам гүнзгийрэх шинжтэй. Өөрөөр хэлбэл сорилтууд илүү дэлхий нийтийг хамарсан шинжтэй болж ирж байна гэсэн үг. Үүнтэй уялдаатайгаар зайлшгүй урган гарсан нэг онол бол тогтвортой хөгжлийн онол юм. Маш энгийнээр тайлбарлахад хүн төрөлхтөн одоо эдийн засгийн хөгжлөөс гадна, байгаль орчин, нийгмийн асуудлуудаа зэрэг шийдэх, нэгийг нь нөгөөр нь солихгүй, балансыг нь хадгалж явахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Ер нь бол эдийн засагт (бас хөгжилд) хамгийн түрүүнд эрчим хүчний асуудал яригддаг. Жеффри Cакс "Орчин цагийн хөгжлийг бий болгосон зүйл бол нүүрс, байгалийн хий гэх мэт байгалийн гаралтай эрчим хүчний эх үүсвэрүүд." гэж хэлсэн байдаг. Харин энэ зуунд үүнээс бага багаар ч болтугай татгалзах шаардлага тулгарчээ. Оронд нь сэргээгдэх эрчим хүч гэсэн үнэтэй сонголт хүлээж буй аж. Тогтвортой хөгжлийн онолыг НҮБ гэх мэт олон улсын байгууллагууд хүчтэй дэмждэг. Тиймээс ч саяхан НҮБ-ын удирдлаган дор дэлхийн улс орнуудын тэргүүнүүд "Тогтвортой хөгжлийн зорилтууд" гэж баталсан. Уг зорилтуудыг эндээс сонирхоорой. Гэхдээ энэ зорилтууд бол зүгээр л нэг чиглэл төдий зүйл л дээ. Үүнийг яг хэрэгжүүлэх эсэх нь улс орнуудаас өөрсдөөс нь хамаарна.

Шийдвэр гаргах арга зам - Эдийн засгийн хямрал бас дахин хямрал?

Дэлхий нийтийг хамарсан дараагийн том шүдний өвчин бол эдийн засгийн хямрал. Азийн эдийн засгийн хямрал, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал гээд... Одоогоор хямралын шалтгаан бөгөөд түүнээс хэрхэн гэтлэх гэдэгт бүрэн хариу өгч чадаагүй гэж олон эдийн засагч, судлаачид үздэг. Мэдээж хэрэг улстөрийн идеологийн хэлэлцүүлэг бол өрнөсөөр байна. Харин бодит амьдрал дээр ихэнхи улс орны удирдлагууд "mixed" буюу холимог эдийн засгийн  бодлого хэрэгжүүлж ирсэн, энэ ч цаашдаа үргэлжлэх байх. Хэдийгээр академик хүрээнд Карл Маркс хүчээ авч байгаа ч арай ч хувийн өмч, зах зээл хэрэггүй хэлж чадахгүй нь мэдээж. Эдийн засгийн хямралд олон эдийн засагчид нео-кэйнсч бодлогыг санал болгож байгаа. Тэдний хэлж байгаагаар эдийн засгийн хямрал зайлшгүй нэг шалтгаан бол Кэйнсийн томъёолсноор бизнесменүүдийн "Амьтны зөн"-дээ хөтлөгдсөн рациональ биш шийдвэр аж. Тэгээд ч улстөрчид хэт том болсон бизнесийг дампууруулж чаддаггүй, бүр болдоггүй ч гэж хэлж болно. Том бизнестэйгээ эдийн засаг нь бүтнээрээ унах магадлал байдаг учраас тэгдэг байх. Тийм ч учраас "Too big to fail" гэдэг хэлц гарчээ. Эндээс тэгвэл яах вэ гэдэг дараагийн асуулт урган гарч байна. Уг асуултын нэг хариулт нь "behavioural economics" буюу "зан төлвийн эдийн засаг" гэж хэлж болох байх. Өөрөөр хэлбэл хүний зан төлөвт тааруулж эдийн засгийн шийдвэр гаргана гэсэн үг. Уг онолыг дэмжигчид хүн бол байнга рациональ шийдвэр гаргадаг амьтан биш юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж хэлж болно.  Зан төлвийн эдийн засгийн энгийн нэг жишээ "Nudge theory" гэж бий. Интернетээс сонирхоод үзээрэй. Ер нь бол их энгийн л зүйлүүд л дээ. Харвардын профессор Раж Четтигээс эхлээд олон эдийн засагчид үр дүнтэй арга гэж үздэг.  Сүүлийн үед зарим орнууд тэр дундаа Англи-Саксон орнуудад "юу ажиллаж байна" буюу ШУ-ны баримт нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргалтыг илүүд үзэж байна. Тийм ч учраас үр дүн нь харагдсан бол зан төлвийн эдийн засаг яагаад байж болохгүй гэж асуулт үлдсэн гэсэн үг.

Тэгш бус нийгэм - Баян ядуугийн ялгаа улам гаарч байна уу?

Өндөр хөгжилтэй гэх АНУ, Англи, Герман, Австрали мэт орнуудад эдийн засагчид, улстөрчдийн хамгийн чухал асуудал бол орлогын тэгш бус байдал болчихоод байна. Томас Пикеттигийн "XXI зууны Капитал" гэх шуугиан тарьсан бүтээл бий. Сүүлийн арван жилд эдийн засгийн ухаанд гарсан хамгийн даацтай бүтээл гэж зарим эдийн засагчид санал нэгддэг юм билээ. Уг бүтээлээс илүүтэйгээр номных нь сэдэв нь ихэд чухалд тооцогдож байна. Маш энгийнээр хэлэх юм бол баян ядуугийн ялгаа тэнгэрт хадлаа гэнэ. Дундаж компанийн ажилтны цалингийн орлого, банкны СЕО хоёрын орлого хоёрт тэнгэр газар шиг ялгаа байгаа нь үнэн л байх. Гэхдээ миний бодлоор энэ бол эдийн засгийн хувьд өндөр хөгжчихсөн орнуудын "дараагийн" шатны проблем. Үүнийг манайх шиг орны орлогын тэгш бус байдалтай холбож ойлгож хэрхэвч болохгүй. Монголд ч гэсэн энэ ялгаа нэмэгдэж байгаа л даа. Гэхдээ учир шалтгаан нь их өөр.  Манайх шиг оронд баян ядуугийн ялгаа нь авилга, улстөрийн эрх мэдлээ урвуулан ашигласан зэргээс болж буй үзэгдэл. Тиймээс ч өндөр хөгжилтэй орнууд шиг өндөр орлоготойгоос өндөр татвар авах замаар үүнийг шийдэх гэж оролдвол алтан өндөг гаргадаг тахиагаа хагалж иддэгийн үлгэр болно. 

Эрх чөлөө ба чадавхи - Боловсрол хамгийн чухал уу?

Харвардын их сургуулийн профессор, нобелийн шагналт эдийн засагч Амартяа Сэн гэж бий. Түүний бичсэн "Development as freedom" гэдэг их чухал бүтээл бий. Уг ном монгол хэлнээ "Хөгжил бол эрх чөлөө" гэдэг нэртэйгээр орчуулагдсан байхыг харсан. Түүний онолын гол санаа нь хөгжил гэдэг бол эцсийн дүндээ эрх чөлөө гэнэ. Жирийн нэг хүн өөрийнхөө хүсэж буй, үнэ цэнэтэй гэж бодож байгаа тэр амьдралаараа амьдрах эрх чөлөө бас боломж, чадавхи байгаа эсэхээр л хөгжлийг хэмжинэ гэж Амартяа Сэн үзжээ. Энд эрх чөлөөг позитив эрх чөлөө гэдэг утгаар ойлгоно. (Жич: Эрх чөлөөний тухайд ерөнхийд нь позитив, негатив гэж хоёр ангилж үздэг. Негатив гэдэг нь хэн нэгэн миний амьдралд хүсээгүй байхад хөндлөнгөөс оролцохгүй байх тухай. Энэ утгаар нь ойлговол хөдөөний малчин хүн маш эрх чөлөөтэй. Харин позитив эрх чөлөө гэдэг нь чадавхи, боломжтой байж л хүн сонголт хийж чадна, тэр үед л хүн эрх чөлөөтэй гэж үздэг. Энэ утгаараа бол малчин хүн тийм ч эрх чөлөөтэй байж чадахгүй л болов уу). Энэ онолыг НҮБ, Дэлхий банк гэх мэт олон улсын томоохон байгууллагууд хүлээн зөвшөөрдөг гээд хэлчихэд буруудахгүй байх. Энэ онолоос л ургаж "Хүний хөгжлийн индекс" гэдэг үзүүлэлтээр дэлхий нийтийн хөгжлийг хэмждэг жишиг тогтсон. Би нэг хичээлийн даалгавар болгож энэ номонд шүүмж бичсэн. Түүнээс эхний хэсгийг нь тасдаад товч ойлголт өгөх үүднээс блог дээрээ оруулж байсан. Энд дарж сонирхоорой. Хүний хөгжлийн индекс, чадавхийн асуудал ярихаар та боловсролын тогтолцооны тухай ярьж байна гэж ойлгож болохгүй. Боловсрол бол хөгжилд зайлшгүй нөхцөл болохоос хангалттай нөхцөл биш гэж үздэг. Тиймээс ч ихээхэн өргөн хүрээг хамарсан бүтээл, онол. Дашрамд хэлэхэд энэ бол академик хүрээнд хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн онол юм шүү.  

 Инстүүцийн хөгжил - Эцсийн дүндээ улс төр бүхнийг шийдэх үү?

Орчин үед эдийн засгийн болон улс төрийн олон судлаачид хүлээн зөвшөөрч буй нэг хандлага бол аливаа улсын эдийн засгийн хөгжилд инстүүц хамгийн "шийдвэрлэх" нөлөөтэй хүчин зүйл. Инстүүц гэдэг нь байгууллага юм уу, хэсэг бүлэг хүмүүс биш. Минтромын тодорхойлсноор инстүүц бол тодорхой хүрээнд тогтсон, хүмүүсийн үйлдэл, авирыг чиглүүлээд байгаа тоглоомын дүрэм юм. Жишээ хэлье. Улс төрийн нам гэдэг бол өөрөө инстүүц биш байгууллага. Харин улс төрийн намуудын гаргаж буй үйлдлүүдийн цаад шалтгаан болоод буй бүтэц, тоглоомын дүрмийг инстүүц гэж ойлгодог. 2012 онд анх хэвлэгдсэн "Why nations fail" буюу "Үндэстнүүдийн уналтын шалтгаан" гэх бүтээл энэ тухай маш тод томруунаар харуулжээ. Энэ ном Монгол хэлнээ бас орчуулагдсан. Монгол орчуулгыг нь уншиж блогтоо бас жижиг танилцуулга бичсэн нь энд байгаа. Непко хэвлэлийн газраас Фрэнсис Фукуяамагийн хэд хэдэн гол бүтээлүүдийг орчуулж гарсан. Тэдгээр бүтээлүүд ч бас төрийн инстүүцийн асуудлыг хөнджээ.  Фукуяамагийн хэлж байгаагаар төрийн инстүүц төлөвшиж, тогтоход багагүй хугацаа хэрэгтэй гэнэ. Хамгийн ярвигтай нь нэг газраас нөгөө газар руу хуулаад тавьчих боломжгүй эд аж. Хэдэн жилийн өмнө Перугийн эдийн засагч Эрнандо Де Сото Монголд ирж лекц уншсан. Түүний бестсэллэр болсон "Капиталын нууц" ном ч гэсэн эдийн засгийн инстүүцийг хөгжлийн үндсэн шалтгаан гэж үзсэн байдаг. Түүнийхээр хувийн өмчийг бүртгэдэг, хамгаалдаг төрийн инстүүц байхгүй учраас олон ядуу иргэд өөрийн хөрөнгөө эргэлтэд оруулж чадахгүй байгаа гэнэ. Үүнийг тэр олон хөгжиж буй орнуудын жишээн дээр харуулжээ. Эдийн засагт Коөзийн гэх алдартай теорем бий. Уг теорем ёсоор бол хоёр хүн харилцан солилцоо хийхэд өмчийн асуудал тодорхойгүй бол хэлэлцээний хугацаа урт, зардал өндөр байдаг. Тиймээс ч эдийн засаг эрчимтэй хөгжихөд, төлөвшөөгүй инстүүц нь том зурагаар харвал ихээхэн саад болдог аж.

Хөгжлийн модель - Өнгөрсөн түүх юу хэлж байна вэ?

Зарим судлаачид хөгжлийн тухай ярихдаа хөгжлийн модель буюу тодорхой загвар ярьдаг. Тэдний гол авдаг жишээ нь Дани, Норвеги гэх мэт орнуудын Скандинавын гэх хөгжлийн загвар, Азын бар гэгддэг Япон, Өмнөд солонгос, Сингапур, Тайвань гэх орнуудыг хөгжлийн загвар. Эдгээр азийн өндөр хөгжилтэй орнуудын загварыг "Developmental State" буюу "Хөгжлийн төр засаг" гэж нэрлэдэг. Кембрижийн их сургуулийн профессор Ха-Жүүн Чангийн бичсэн "Kicking away the ladder" номонд бичсэнээр бол Өмнөд Солонгос гэх мэт орнуудын төр засаг нь бизнестээ бүрэн оролцож, чиглүүлдэг гэнэ. Жишээ нь төрөөс компаниуддаа тодорхой зорилт өгөөд хүрсэн тохиолдолд татаасаа нэмдэг. Ийм маягаар Самсунг, Хьюндай мэтийн олон улсын хэмжээний корпорациуд байгуулж чадсан тухай бичсэн. Аль 17-18 зуунд хүчээ авч байсан Мерканталист буюу экспортод чиглэсэн эдийн засгийн бодлогыг орчин цагт өндөр хөгжсөн бүх орнууд хэрэгжүүлж ирсэн, одоо ч тодорхой хэмжээгээр хэрэгжүүлдэг гэж Солонгос гаралтай эдийн засагч бичсэн байх юм.  Үнэхээр ч "dumping" хийгээд ч болтугай өөрийн улсын компаниудын бүтээгдэхүүнүүдийг гаргасан жишээ багагүй байдаг юм байна. Ер нь жижиг, дунд бизнесээр эдийн засгаа босгоно гэдэг "романтик" үлгэр байдаггүй тухай олон эдийн засагчийн амнаас сонссон. Бизнес нь төртэйгээ нийлж "хавсарч" байгаад олон улсын хэмжээний корпораци босгож ирэх стратегийг манай өмнөд хөрш ч маш идэвхитэй ашиглаж байгааг харж болно. Жишээ нь Хятадууд гангийн үйлдвэрлэлээ бэхжүүлэхийн тулд "дампинг" хийгээд байгааг нь мэдсэн Америкчууд бараг 500 хувийн татвар тавьсан тухай уншсан юм байна.

Аз жаргал - Зорилгын зорилго нь юу вэ?

Эдийн засагч Де Факто Жаргалсайхан гуай яриандаа зорилгын зорилго гэдэг үг ашиглаад байдгийг анзаарсан юм. Энэ бол эцсийн дүндээ юуны төлөө яваад байгаа юм бэ гэдэг асуулт. Хөгжлийг тэр дундаа эдийн засгийн хөгжлийг эцсийн дүнд юуг бий болгох гээд байгаа юм бэ гэдэг бол бас л зайлшгүй тулгарч буй чухал асуулт. Философийн утгаараа ч, прагматик утгаараа ч энэ бол чухал асуулт. Гадна талдаа амьдралын тав тухыг хангалттай бий болгосон ч дотор талаасаа тайван биш, аз жаргалгүй бол энэ бүхэн тэгээд юу юм бэ гэж хүн өөрийн эрхгүй асуудаг биз. Тийм ч учраас сүүлийн үед хөгжлийг "Аз жаргалын индекс" гэдэг Бутанаас гаралтай хэмжүүрээр хэмжих гэж оролдож байна. Шинэ Зеланд мэтийн өндөр хөгжилтэй орнуудад бол "wellbeing economics"-ийг эдийн засгийн хувьд ирээдүй гэж харж байх жишээтэй. Үүнийг Пол, Каролайн хоёрын хамтран бичсэн номноос сонирхоорой. Эдийн засгийн өсөлтийг гол хэмжүүр гэж үзэхээс татгалзах хандлагын нэг жишээ. Тэгэхээр эдийн засагчид ч, улстөрчид ч гэсэн философич байх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрч болмоор. Тэгээд ч улс төрийн, эдийн засгийн бүхий л гол онолуудын суурь нь этикийн болон шударга ёсны тухай асуудал байдаг. Ялангуяа Жерими Бентамын "Утилитари" онол, Жон Роулсын "Шударга ёсны тухай онол" хоёр бол орчин үед хамгийн их яригдаж буй онол болчихсон гэхэд буруудахгүй байх.

За тэгээд дээрх номнуудыг сонирхоод үзнэ биз. Өөрийн чинь үзэл бодолтой таарахгүй байж болно. Ядаж шүүмжлэхийн тулд ч болтугай уншаад үзэхэд гэмгүй шүү.

No comments:

Post a Comment