Аялалын тэмдэглэл: Cидней

"Эхлээд 1000 ном унш, дараа нь 1000 бээр аял."
Хятадын ардын үг 
(Нэг хятад танил маань надад энэ үгийг захисан юм)

Семистер дуусч байгаа учраас аялахгүй бол "алдас" болох тул эхнэр бид хоёр Сидней хотоор хэд хоног аялахаар шийдсэн юм. Монголд хамт ажиллаж байсан, найз Майк Рейра маань аялах хүсэлтэйгээ дуулгахад уриалгахан хүлээн авч биднийг хэдэн хоног гэртээ байж болно гэсэн юм. Оюутан хүмүүст буудалд буух мөнгө гэж хаа байхав. Мэдээж үүргэвчтэй аялагчдын очдог газруудад орж болно л доо. Тийм газрууд дуу чимээ хэт ихтэй, бохир байдаг. Шинэ Зеландаас Австралийн вийз авахад гайгүй юм билээ. Бараг ажлын 7 хоногт гарчихсан байх аа. Их л хурдан шийдэгдчихсэн. Ойр зуурын хувцас, мишокоо бэлдээд мордлоо. Айлд байх учраас аль болох төвөг удахгүй байх үүднээс мишоктой очсон нь хэрэг болсон. Гуравхан цагийн нислэг ч юу байхав. Хурдан өнгөрнө. Харин нисэхээс өмнө их бороотой байна гэж сонссон учраас нислэг хойшлогдох вий гэж жоохон санаа зовж байсан. Харин азаар хойшилсонгүй. Онгоцноос буухад Сидней бас л биднийг бороотой угтлаа. Сидней нисэх онгоцны буудал Оокландынхыг бодвол хамаагүй том боловч хяналт, шалгалт нь бага юм билээ. Оокланд шиг цүнх, сав нарийн шалгасангүй. Ийнхүү яг 30 насны төрсөн өдрөөрөө Сиднейд газардлаа. Майк биднийг бор өнгийн Монгол хантааз өмсчихсөн угтлаа. Uber гэдэг гар утасны аппликейшнээр такси захиалчихаж. Тэднийх онгоцны буудлаас 30 минут хүрэхгүй газар байрладаг. Ер нь Сиднейн төв рүүгээ бололтой. 4 залуу нийлж нэг хаус түрээслэдэг юм байна. Майк биднийг өөрийнхөө орон дээр унтуулаад өөрөө буйдан дээрээ хэд хоног унтахаар болов. Хүний орон дээр унтахад жоохон эвгүй. Нэг л буруутай ч юм шиг санагдаад...Монголд байхад нь хөдөө, гадаа дагуулж явдаг байж гэж бодогдоод.. 


Сэтгэл амар сайхан аялах боломжийг нь эхний өдрөөс сүүлийн өдөр хүртэл хойш чангааж байсан зүйл бол миний нэг хичээлийн даалгавар байлаа. Сүүлийн нэг судалгааны тайлан бичиж явуулж байж миний хичээл бүрэн дуусах байсан учраас хийхээс өөр аргагүй. Халтуурдах ямар ч боломжгүй. Тийм учраас өдөр нь баахан гадуур явж байгаад шөнө нь сууна. Эхний өдөр хувингаар цутгах мэт их бороотой өдөр таарав. Цөөхөн хэд хоног байгаа учраас гарахгүй бол болохгүй. Майктай хамт бид 3 өглөөний цай уучихаад ганц хоёр дэлгүүр хэсэв. Тэр өдөр Сиднейд ойрын үед ороогүй их бороо орж бүр хүний амь эрсдсэн гэсэн мэдээ дуулсан. Эхний өдөр ч яахав, цаашдаа л бороо битгий ороосой гэж залбирч байлаа. Азаар маргаашнаас нь бороо их орсонгүй. Сидней хотын билэг тэмдэг болсон Дуурийн театрын (Opera House) гаднаас аялалаа эхлэлээ. Дуурын театрын барилга, түүний хажууд байх "Харбор" гүүр хоёр бол Сиднейн нүүр царай. Бид хоёр давхар, улаан автобусанд суугаад хоттой танилцав. Сидней хот 4 сая гаруй хүн амтай том хот. Өндөр өндөр барилгуудаас гадна дийлэнхи хэсэг нь хаус хорооллууд. Ер нь барилгууд нь архетиктур талаасаа их уран гоё санагдсан. 

Коала баавгай гэдэг хөөрхөн амьтныг мөн кенгеруу харахыг хүсч байсан учраас эхлээд амьтны хүрээлэн орсон. Коала гэж үнэхээр л эгдүүтэй амьтан юм билээ. Жижигхээн биетэй баавгай өөрөөсөө бүүр жижигхэн зулзагаа тэвэрчихсэн байгаа нь яах аргагүй эгдүү хүргэнэ. Үргэлжлүүлээд бид хоёр далайн том акуриумаар орж аварга загас, далайн гахай гэх мэт маш олон төрлийн далайн амьтадыг дэргэдээс нь харж, баахан зураг авав. Нэгэнт цаг бага учраас шууд үргэлжлүүлээд Мадаам Туссайд гээд лааны тосон баримлын музей үзээдэхэв.  Сиднейд их олон Монголчууд байдаг гэж сонсож байсан маань нэг хоноход 2 монголтой тааралдсанаар бараг батлагдсан. Нэг залууг Монголоор утсаар ярьж хажуугаар өнгөрөхөд нь таньсан бол нөгөөдөхийг нь зурагтаар харж байсан учраас танив. Харин хамгийн хачирхалтай нь нутгийн уугуул иргэд Аборигенуудтай ерөөсөө тааралдсангүй. Шинэ Зеландад бол хаа сайгүй Маори нар харагдана. Харин тэнд алга. Богино хугацаанд аялж байгаа хүмүүс орой болсон ч гэсэн зүгээр сууж болохгүй. Дэлхийн хамгийн том дэлгэцтэй imax кино театр гэж харагдахаар нь давхиж очоод нэг баримтат кино үзээдэхэв. Гайхалтай юм билээ. Жинхэнэ бодит мэт, нисч байгаа ч юм шиг гоё мэдрэмж. 

Бид хоёр жуулчдын очих дуртай "Вивид Сидней" гэдэг арга хэмжээний үеэр очиж таарсан байсан. Энэ нь Сидней хотын хамаг гоё барилгуудыг өнгө өнгийн гэрэл, лазераар чимэглэдэг олон өдрийн арга хэмжээ л дээ. Хотын өнгө үзэмж үнэхээр гоё харагддаг юм билээ. Сиднейд хот дотор явахдаа ихэвчлэн вагонд сууж байлаа. Сиднейчүүд метрогоо "train" гэж нэрлэдэг. Овоо хөөрхөн үнэтэй шүү. Нэг удаа багахан газар явахад 4 доллар болж байх жишээтэй. Бид хоёрт бол овоо үнэтэй санагдсан ч Майкт энэ тухай хэлээд яахав гээд дуугүй л өнгөрөв. Байнга л үнэтэй байна гээд гомдоллоод байх нэг тийм сайхан биш байж таарна. Хотыг орой гэрэл ассан үед нь завин дээрээс харвал гоё гэж сонссон учраас завь асуутал нэг хүний 50 доллар, харин нутгийн иргэдэд хоёр хүний 20 доллар гэж авдаг юм байна. Тэгэнгүүт нь тэр хавиас хүн олж, гуйгаад билет авуулчих санаатай хэд хэдэн хүнээс асуусан чинь дандаа жуулчид тааралдаад, аль эсвэл маш их яарсан хүмүүс тааралдаад болж өгдөггүй. Тэгэхээр Майк руу ярихаар боллоо. Ажил нь тарж байсан учраас ирж бид хоёрт билет авч өгөхөөр болов. Майк ирээд асуутал сурталчилгааны сургалтад хамрагдаж байж тэр билетийг авах ёстой гээд болсонгүй. Тэгээд зүгээр нийтийн тээврийнх нь ферринд (усан завь) суугаад хотыг харахаар болов. Ферригээр хоёр буудал явж, өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн, шөнийн Сиднейтэй танилцав. Сүрлэг, сайхан харагдана. Завьнаас буусны дараа Майк биднийг хамгийн өндөр барилга дээр гарч харъя гээд дагуулаад явлаа. "O Bar" гээд 47 давхарын өндөрт байдаг ресторан л даа. Хамгийн дээд давхарт нь байрлах уг ресторан бүтнээрээ эргэдэг. Нэг сандал дээр суусан хүн эргэлдэж байхад нь хотыг бүтнээр нь харах боломжтой. Нэг цагийн дотор бүтэн эргэж дуусдаг аж. Эхнэр бид хоёр гэж аялалын хувцастай нөхдүүд баахан ганган хувцастай хүмүүсийн дунд жаал тавгүй суув. 

Хоттой нилээд танилцсан юм чинь хотоос гарж үзэхгүй бол горьгүй санагдаад Цэнхэр уул гээд газар руу явахаар боллоо. Галт тэргээр нэг талдаа хоёр цаг явдаг газар аж. Хоёр цаг ойр орчмыг ажингаа Цэнхэр уулнуудад хүрлээ. Жуулчдын очдог хамгийн түгээмэл газруудын нэг. Тэнд Австралийн үзэсгэлэнт байгалийн зах зухаас мэдэрч болно. Эгч дүү гурван хад, хүрхрээнүүд нь их таалагдсан. Бид хоёр бас л хоёр давхар автобусанд суугаад тэр газруудыг нь тойрч явж үзэв. Уулан дээрээс шууд огцом доошоо буудаг жижиг галт тэрэг, бас хоёр уулын хооронд явдаг лифт гэх мэт зүйлүүдэд нэг багцын үнэ төлөөд явж болдог юм билээ. Тэр ч яахав байдаг л нэг паркын тоглоом. Хамгийн гол нь уул, нуруудынх нь үзэмжийг өндөр дээрээс харж зогсох л хамгийн таатай. Тэнд хүмүүс майхнаа зоогоод хэд хоногоор байдаг юм гэсэн. Харин могой, гүрвэл элбэг учраас майхантай байрлах хүмүүст жоохон түгшүүртэй. Зургаан сар бол Шинэ Зеланд, Австрали хоёрт өвлийн улирал. Тиймээс нилээд жиндүү, салхитай. Уг нь дулааханд аялвал илүү таатай нь мэдээж. Зарим Австраличууд Шинэ жил нь зуны улирал таардаг учраас өвөл бас дахиж тэмдэглэдэг гэж Майк бидэнд хуучлав. Шинэ жил зун тэмдэглэх ч уур амьсгал талаасаа нээрээ ч гоё биш юм билээ. Хэдий Сиднейд өвөл болж байгаа ч яаж зүгээр байхав далайн эргээр нь бас явж үзсэн. Бондай гээд далайн эрэг нь их алдартай. Нилээн ч том. Сэлэх, далайн эрэг дээр хэвтэх цаг биш ч гэлээ гэсэн эрэг дээрээс далайг ширтэж зогсох ч бас таатай сайхан.

Сидней хот хэдийгээр хэмжээгээр том боловч олон талаараа Оокланд хоттой ойролцоо санагдсан. Шинэ Зеланд, Австрали хоёрыг бараг нэг орон гэж хүмүүс ярьдаг нь оргүй үг биш бололтой. Сиднейд дэлгүүр хэсэх цаг хугацаа, төсөв, сонирхол ч байхгүй байсан учраас олон газраар ороогүй. Цөөн хэдэн дэлгүүр, таньдаг хэдэн брендээр шагайв. Үнэ бол жишгээр л... Майк биднийг Кенгерууны махан шорлогоор дайлна гэсэн учраас амьхандаа хүлээгээд байдаг амждаггүй ээ. Кенгеруу маш элбэг учраас мах нь хямд байдаг гэж Майк ярьж байсан.   Сиднейд хоолны газрууд нь сонголт ихтэй юм билээ. Бид хоёр нэг Ази хоолны газраас боломжийн үнэтэй, поорц сайтай хоол олсондоо багагүй олзуурхсан.  Майк бас биднийг өөрийн гарын хоолоороо дайлж зочломтгой зан гаргав. Дараа нэг хариу барих өдөр ирнэ биз гэж найдна. Залуу хүмүүсийн замын хүзүү урт гэдэг дээ. Майкын өрөөний залуучууд бас нилээн шоуддаг бололтой. Очсон шөнө тэд нилээн уусан. Азаар үлдсэн хоногуудад нам тайван. Хэдийгээр тийм ч цэвэрхэн биш ч гэсэн бид хоёрт бол хангалттай сайхан, тохьтой. Хотын төвд байрлалтай учраас нилээн үнэтэй гэсэн байх шүү. Майкын гэрт хамгийн сонирхолтой санагдсан зүйл бол аавынх нь хийсэн номнууд байлаа. Аав нь дэлхийн 100 гаран орноор аялсан лут аялагч. Тэгээд аялсан газруудынхаа тухай зурагт ном хийсэн байв. Монголд аялсан номыг нь нилээд харав. Сэтгэл дундуур буцсан бололтой. Сэтгэлийг татах тийм ч олон зүйл байгаагүй нь, бас үйлчилгээ, ариун цэвэр талаасаа олон зүйл сэтгэлд нь хүрээгүй нь илт. Жоохон харамсалтай санагдсан. Нэг ч гэсэн жуулчинг сэтгэл ханамжтай буцаавал тэр нь цаашаа 10, арав нь 100 болоод явна. Харин эхнэр бид хоёр тэр аялалын номыг хийж байхаар шийдсэн.  Дараа нь эргэж харахад "цаг хугацааны машин" л гэсэн үг. 

Сидней хотоор тав хоног сайхан аялсандаа бид хоёр тун ч олзуурхаад буцлаа. Харин буцахдаа нэг том паянтай. Гэхдээ тэр тухай энд бичихгүй ээ (жуумалзав)...

No comments:

Post a Comment