Шинэ Зеланд орноор #1

Товч танилцуулга

Шинэ Зеланд бол номхон далайд байрлах хоёр том ба цөөн тооны жижиг арлуудаас бүтсэн  арлын орон. XIII зуунд Чингис хаан Их Монгол улсыг байгуулж байх үед Шинэ Зеландад анх поленизиан нөхдүүд ирж суурьшсан байна. Поленизууд уг арал дээр суурьшаад өөрийн гэсэн өвөрмөц "Маори" гэх соёлыг бий болгожээ. Сүүлд нь 1640 онд Голландын Абел Тасман гэдэг хүн анх энэ нутагт ирсэн Европ хүн болсон бөгөөд бүр сүүлд нь Жэймс Күүк гэх Англи эр ирж Шинэ Зеландыг барууны ертөнцөд таниулжээ. Удалгүй Британчууд тэргүүтэй европчууд олноороо цувж эхэлсэн байна. Анхандаа нутгийн уугуул иргэд, Британчууд хооронд тэмцэл их өрнөдөг байсан гэсэн. Харин 1840 онд Британы колони болохыг Маоричууд хүлээн зөвшөөрсөн байна. Ер нь 1845-1872 оны хооронд байнгын дайн, тулаан, тэмцэлтэй байж. Харин 1947 онд Англиас салж Шинэ Зеланд улс тусгаар тогтносон. Одоо бол Шинэ Зеланд Британы хамтын нөхөрлөлийн орнуудын нэг.



Газар нутгийн хувьд Англи, Японоос арай том. Цаг агаар нь ерөнхийдөө таатай, дулаан. Жилийн хоёр улиралтай. Хамгийн сонирхолтой нь Монголтой улирлын хувьд яг эсрэг. Монголд өвөл болж байхад Шинэ Зеландад зун болж байдаг. Шинэ Зеландад өвөл болж байхад Монголд зун болж байна. Дундаж градус нь целсийн нэмэх 10-15 орчим. Гэхдээ далайн чийглэг уур амьсгал жиндүү гэдгийг хүмүүс сайн мэднэ. Ялангуяа хуурайшилт ихтэй Монголоос ирсэн залуучууд их даардаг. Нийтийн дулаан, халаалт гэж байхгүй учраас айлууд цахилгаан халаагуураар бага зэргийн хүйтнийг нь аргалдаг. Гэхдээ цаг агаар нь их хурдан солигдоно. Хаврын тэнгэр шиг гэж ярьдаг даа. Шинэ Зеландад ирэхээс өмнө нэг Австрали бүсгүй хувьсамтгай цаг агаарынх тухай ярьж байсан санагдана. Хойд аралд нь цас ордоггүй, харин өвөл нь бороо нилээд их орно.  Тиймээс нь энд ирэхээр төлөвлөж буй жуулчин борооны куртик зэргийг бэлдээд ирэхэд алзахгүй. Ер нь Шинэ Зеландад аялахыг бүх таньдаг хүмүүстээ зөвлөнө гэж бодож байгаа. Учир нь мод ургамал, ан амьтан, уул нурууд, далайн эргүүд нь биширмээр үзэсгэлэнтэй. Байгалийн сайхныг бишрингээ экстрим спорт оролдоод үзэхэд сайхан амралт болно. Баанжээ жаамп, скай дайвинг гэх зэрэг экстрим спортын төрлүүдийг Шинэ Зеландад хамгийн эрсдэл багатайгаар туршиж үзэж болно. Ер нь баанжээ жаамп гэдэг үсрэлтийг Шинэ Зеланд хүн анх санаачилсан юм байна лээ.

Шинэ Зеландын хүн ам харьцангуй бага буюу 4.5 сая. Үүний талаас илүү нь Хойд аралдаа амьдардаг. Нийслэл нь Вэллингтон хот, хамгийн их хүнтэй хот нь Оокланд. Үүнээс гадна Крайстчөөрч гээд нэг том хот өмнөд аралд буй. Тэгээд бусад нь жижиг хотууд. Гэхдээ тэдгээр жижиг хотууддаа хүнд хэрэгтэй бүхий л дэд бүтцийг бий болгож чадсан. Хотууд нь ихэвчлэн аялал жуулчлалын бизнесээ дагасан гэж хэлж болохоор үзэсгэлэнтэй байгальтай газруудад байрласан байдаг. Тиймээс энд ирсэн жуулчин  үзэсгэлэнтэй байгаль үзэхийн тулд хүнгүй газар очих биш өөр нэг хотод очно. Тиймээс буудал, хоолны газар зэрэг нь сонголттой амар гэсэн үг. Эдийн засагт нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд болох сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, вино, мөн аялал жуулчлал чухал байр суурь эзэлдэг. Мөнгөн тэмдэгт нь Шинэ Зеланд доллар. Шинэ Зеланд доллар нь Монгол төгрөгийн Америк доллартай харьцах ханшнаас арай бага. Ер нь бол өртөг өндөр. Гэхдээ энэ талаар дараа нь бичнэ. Ер нь тэгээд өндөр хөгжилтэй оронд өртөг бага байна ч гэж байдаггүй эд байх л даа.  

Албан ёсны хэл нь Англи, Маори хоёр. Үндсэн хэл нь мэдээж Англи хэл. Манай сургууль дээр бол бараг л бүх хаяг, нэрүүдийг хоёр хэлээр давхар бичсэн байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Маори хэлээр ярихыг хориглодог байсан гэсэн. Ярьсан тохиолдолд шийтгэдэг байж. Энд газруудын нэр Маори байх нь түгээмэл. Маори хэлээрээ Шинэ Зеландыг Аотеароа буюу урт цагааны үүлний орон гэж нэрлэдэг. Үндэсний бэлэг тэмдэг нь Киви шувуу, Хар өнгө, Silver fern (Нэг төрлийн модны навч юм уу даа?). Ер нь Шинэ Зеландчуудыг Кивичүүд гэж дууддаг. Өөрсдийгөө ч тэгж дуудуулах дуртай юм байна гэж ажиглагдсан. Үндэстний спорт нь Раагби.  Раагбигийн талаар би өмнө нь бараг дуулж ч байгаагүй. Энд ирээд жоохон сонирхсон чинь их л чанга гаруудын спорт юм билээ. Дагвадоржийн хэлдэгээр жинхэнэ алаан болдог спорт. Оол Блакс гээд Рагбигийн баг нь саяхан дэлхийн аварга болсон. Бүх л юман дээр Оол Блакс. Нэтбоол, Крикет гээд Монголчуудад танил биш спортууд мөн хөгжсөн.

Парламентийн засаглалтай, ардчилсан улс. Албан ёсоор Британы хатан хаан Шинэ Зеландын төрийн тэргүүн. Шинэ Зеландад Британийн Хатан хааныг Ерөнхий захирагч төлөөлдөг. Ерөнхий захирагчийг Шинэ Зеландын Ерөнхий сайдтай зөвшилцөж Хатан хаан томилно. Үндсэн хуулиар эрх мэдлийг нь тодорхой зааглаж өгсөн. Зарим албан тушаалтнуудыг томилох, санал өгөх гэх мэт эрхтэй. Үндэсний нам, Хөдөлмөрийн нам гэсэн хоёр нам ээлжилж засгийн эрх барьдаг. 1993 оноос хойш холимог пропорцианаль сонгуулийн системээр гурван жил тутам сонгууль хийж байгаа. Хүн болгон хоёр санал өгөх эрхтэй ба нэг нь тойрогт, нөгөө нь намд нь саналаа өгнө. 2005-2006 оны хооронд Ерөнхий сайдаас эхлээд бараг бүх гол албан тушаалтнууд нь эмэгтэй хүн байсан гэсэн. Ер нь дэлхийн хамгийн тогтвортой, сайн засаглалтай орнуудын нэг гэж үздэг. Ардчилсан инстүүцээрээ эхний тавд, иргэдийн оролцоо, авилга, хээль хахуулгүй зэрэг үзүүлэлтээрээ мөн эхний тавд явдаг нь Шинэ Зеландын засаглалын талаар хангалттай мэдээлэл өгөх байх.
   
Австрали, Англи хоёртой их ойрхон харилцаатай. Австралид байдаг брендүүд бүгд Шинэ Зеландад, Шинэ Зеландынх Австралид байна. Хоёр орны иргэд чөлөөтэй зорчиж ажиллаж амьдардаг. Мөн Шинэ Зеландчууд Англид очиж суурьших нь элбэг. Биеэ үнэлэх, ижил хүйстнүүдийг гэрлэх зэргийг хүлээн зөвшөөрсөн Либераль бодлоготой орон. Засгийн газар нь хэт либераль бодлого барьж байна гэх шүүмжлэл олныг сонссон. Гэхдээ тэд хүний хөгжлийн индекс, амьдралын чанар, дундаж наслалт, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, хүн амьдрахад таатай, аюулгүй байдал зэрэг олон үзүүлэлт дэлхийд хамгийн сайн орнуудыг нэг.

Ашигласан материалууд:

http://www.randomhouse.co.nz/books/sarah-ell/the-book-of-new-zealand-9781775534419.aspx

https://en.wikipedia.org/wiki/New_Zealand

http://www.newzealand.com/_proxy/nzs0001-splashpage/splashpage03/

http://www.newzealand.com/int/

http://www.lonelyplanet.com/new-zealand

http://www.nz.com

No comments:

Post a Comment