Шинэ Зеланд орноор #3

Засаглалын тухайд

Юуны өмнө энд суралцаж байгаагаа ашиглаад Шинэ Зеландын талаар жоохон мэдээд авъя гэж бодсон юм. Тэгээд блогийн уншигчдадаа зориулж хэд хэдэн товч танилцуулгыг цувралаар хийж байгаа минь энэ л дээ. 

Шинэ Зеланд бол ардчилсан, үндсэн хуульт хаант засагтай орон. (Энд англиар "constitutional monarchy" гэдгийг үндсэн хуульт хаант засаглал гэж орчуулсан.) Гэхдээ нэг "ширхэг" үндсэн хууль гэсэн бичиг баримт байхгүй бөгөөд хэд хэдэн баримт бичгүүдийг хамтад нь үндсэн хууль гэж ойлгодог. Шинэ Зеланд дангаараа бие даасан улс болоход хамгийн их нөлөөлсөн зүйл бол газар нутгийн байршил гэж үздэг юм билээ. Газар зүйн хувьд бусад орнуудаас хол, тусдаа салангид байрлахаас гадна харьцангуй том газар нутагтай. Өмнө нь бичсэнчлэн Англичууд дийлэнхи олонхи нь учраас Английн улс төрийн соёл энд нутагшиж, өөрийн өвөрмөц онцлогийг бий болгожээ. Үндэс хууль нь үүний нэг тод жишээ.  Шинэ Зеландын засаглалд Маори нар их чухал оролцоотой. Маори болон Их Британийн Хатан хааны төлөөлөгч нарын хооронд хийсэн "Вайтанги" гэрээ нь өнөөдрийн улс төрийн тогтолцооных нь нэг үндэс болдог гэж хэлж болно.

Шинэ Зеланд орноор #2


Шинэ Зеландын эдийн засаг

Энэ удаа Шинэ Зеландын эдийн засгийг товч танилцуулъя гэж бодлоо. Зарим нэг тоо баримтыг дурдъя. 2015 оны байдлаар ДНБ нь 226.00 сая Шинэ Зеланд доллар, үүнээс нэг хүнд ногдох ДНБ  нь 50.000 орчим Шинэ Зеланд доллар. Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ 4100 орчим Америк доллар байдаг. Харьцуулаад харвал нилээн төсөөлөл өгөх байх гэж бодож байна. 2014 оны байдлаар ажилгүйдэл 5.8 хувь,  инфляци нь 2.6 хувь, нийт экспорт нь 64,457 сая доллар, нийт импорт нь 64,137 сая доллар. Эдийн засгийн өсөлтийн хувьд 2014 оны байдлаар жилийн 3.3 хувьтай. Энэ нь OECD-ийн орнууд дотроо хамгийн өндөр үзүүлэлт аж. ДНБ-ийнх нь 63 орчим хувийг үйлчилгээний сектор эзэлдэг. Шинэ Зеланд доллар нь үндэсний мөнгөн тэмдэг. Мөн уг мөнгөн тэмдэгтээр Номхон далайн арлуудад гүйлгээ хийдэг. Татварын хувьд хувь хүний болон аж ахуй нэгжийн орлогын татвар, бараа, үйлчилгээний татвар голлоно. GST буюу бараа, үйлчилгээний татвар нь 15 хувь. Усан цахилгаан станцаас 55.6 хувийн эрчим хүчээ гаргаж авдаг ба цөмийн эрчим хүч ашигладаггүй. 

Шинэ Зеланд орноор #1

Товч танилцуулга

Шинэ Зеланд бол номхон далайд байрлах хоёр том ба цөөн тооны жижиг арлуудаас бүтсэн  арлын орон. XIII зуунд Чингис хаан Их Монгол улсыг байгуулж байх үед Шинэ Зеландад анх поленизиан нөхдүүд ирж суурьшсан байна. Поленизууд уг арал дээр суурьшаад өөрийн гэсэн өвөрмөц "Маори" гэх соёлыг бий болгожээ. Сүүлд нь 1640 онд Голландын Абел Тасман гэдэг хүн анх энэ нутагт ирсэн Европ хүн болсон бөгөөд бүр сүүлд нь Жэймс Күүк гэх Англи эр ирж Шинэ Зеландыг барууны ертөнцөд таниулжээ. Удалгүй Британчууд тэргүүтэй европчууд олноороо цувж эхэлсэн байна. Анхандаа нутгийн уугуул иргэд, Британчууд хооронд тэмцэл их өрнөдөг байсан гэсэн. Харин 1840 онд Британы колони болохыг Маоричууд хүлээн зөвшөөрсөн байна. Ер нь 1845-1872 оны хооронд байнгын дайн, тулаан, тэмцэлтэй байж. Харин 1947 онд Англиас салж Шинэ Зеланд улс тусгаар тогтносон. Одоо бол Шинэ Зеланд Британы хамтын нөхөрлөлийн орнуудын нэг.