Эдийн засгийн инстүүц

Юуны өмнө блогийг сонирхож уншдаг бүх хүнд шинэ оны баярын мэнд хүргэе. Өнгөрсөн хугацаанд нийтлэл, өгүүллэг, дурсамж, тэмдэглэл нийлээд 90 орчим юм бичсэн бөгөөд үүнийг давхардсан тоогоор 10.000 гаран хүн уншиж сонирхсон байна. Сурталчлаагүй байхад үзсэн гэхэд чамгүй тоо гэж бодож байна. Та бүхэнд маш их баярлалаа. 

                                            Улс үндэстнүүдийн мөхөл, доройтлын шалтгаан

Он солигдох мөчид энэ номыг уншиж дуусгасан юм. Тэгээд та бүхэнтэй сэтгэгдлээ хуваалцаж байна. 
Африкийн Зимбабе гээд нээх сайхан улс бий. Удирдагч нь Роберт Мугабе гэгч мөн л сайхан залуу бий. Энэ улсад нэг өндөр шагналтай сугалаа зохион байгуулагдаж гэнэ. Тэгсэн хамгийн том шагналынх нь азтан нь өнөөх сайхан залуу маань шалгарсан байгаа юм. Яахаараа тэгж ичиж зовохоо мэдэхээ больчихдог юм бүү мэд. Зимбабегаас авхуулаад дампуурчихсан улсууд Африк тивээр дүүрэн бий. Түүнээс гадна Өмнөд Америк, Азид чамгүй олон байгаа. Нөгөө талаас хөгжлөөрөө бусдыгаа манлайлан давхиж буй улс гүрнүүд ч нилээдгүй байна. Америк, Герман, Англи гээд хүмүүс тэднийг андахгүй. Дампуурч байгаа нэгэнд нь ч, хөгжиж, бадарч байгаа нэгэнд нь ч ямар нэгэн нийтлэг чанар байна уу? гэдэг асуулт бол энэхүү номын гол агуулга гээд хэлчихэд буруудахгүй байх. 



Хөгжлийг олон зүйлтэй холбож тайлбарладаг. Нэг хэсэг нь соёлтой холбож тайлбарладаг. Энэхүү номд бичсэнээр соёл гэдэг тийм ч чухал хүчин зүйл болж чадахгүй гэнэ. Үүнийгээ хоёр солонгосын хөгжлийн ялгаагаар жишээ авч тайлбарласан байна лээ. Мөн Европ соёл хөгжил бий болгодог гэдэг үндэслэлийг няцаахын тулд Өмнөд Америкийн Уругвай, Парагвай зэрэг орныг жишээ болгожээ. 

Ядуу, буурай байгааг тайлбарладаг нэг хандлага бол мэдлэг дутуугийн асуудал. Ялангуяа удирдагчдын мэдлэг, ур чадвар дутуу байгаатай холбож тайлбарлах хандлага элбэг. Энэ ч гэсэн бас тийм айхтар том хүчин зүйл биш гэж зохиолчид мэтгэжээ.

Эцсийн дүндээ ерөөсөө эдийн засгийн болоод улс төрийн инстүүцийн асуудал гэнэ. Инстүүц гэдэг институт буюу хүрээлэн гэсэн "байгууллага"-ыг илтгэсэн ухагдахуун биш гэдгийг юуны өмнө сануулъя. Нийгмийн инстүүц гэдэг бол тухайн нийгэмд тогтсон нүдэнд харагдахгүй бүтэц, тогтолцоог хэлээд байгаа юм. Эдийн засгийн инстүүц гэхээр иргэн хүн аливаа баялаг бүтээх боломж олгохуйц, дэмжиж чадах тийм бүтцийн асуудал яригдана. Үүнд хамгийн түрүүнд өмч, өмчлөх эрхийн тухай асуудлыг авч үздэг. Өмчийг бүртгэдэг, хамгаалдаг, чөлөөтэй солилцож чадахуйц тийм бололцоо олгодог эсэх гэдэг бол тун чухал фактор. Олон хүн Америкийн хөгжлийн шалтгааныг оюуны өмч, патент хөгжиж чадсантай холбож тайлбарладаг нь ч оргүй зүйл биш. Үүнээс хэдэн зуун хүн саятан, тэрбумтан болсон. Тод жишээ нь Томас Эдисон.

Нөгөө талаас хүн баялаг бүтээхэд хэрэгтэй хөрөнгө оруулалт, санхүүгийн нөөцийг бий болгох боломж олдож гэмээнэ хэнд ч гэсэн төрж байдаг санаануудыг амьдрал дээр мөнгө болгож амьдралаа дээшлүүлэх боломж олдоно. Энэ номонд олон дахин дурдагдсан нэг үг бол бүтээлч сүйтгэл. Энэ бол инноваци, технологийн тухай яриа л даа. Ямар нэгэн технологийг бий болгосноор тухайн үед нилээд олон хүн ажилгүй болж болох ч ирээдүйд маш олон боломжыг бий болгодог. Үүнийг өнөөдөр бол бүгд л мэднэ. Харин хэдэн зууны өмнө бол зарим хүмүүс арай өөрөөр бодож байж.

Эдийн засгийн инстүүц нь дангаараа бас бүрэн дүүрэн ажиллахгүй бөгөөд улстөрийн инстүүц цуг хөгжиж байж бие биенийгээ дэмжинэ гэсэн санааг зохиогчид гаргажээ. Энэ талаас нь харахад стэйтист байр суурь л даа. Мөн инстүүцийг дотор нь жам ёсны, зүй бус инстүүц гэж ангилсан. Зүй бус инстүүц гэхээр одоогийн Хятадын эдийн засгийг тухай бичжээ. Хятадын эдийн засгийг ид өсөлттэй явж байхад зохиогчид энэ бол зүй бус инстүүц дээр суурилсан учраас хол явахгүй гэж итгэлтэй хэлж байлаа. Тэр нь ч өнөөдөр харагдаад эхэлчихлээ.

Хөгжлийн тухай олон онолууд байдаг. Зарим хүмүүс байгаль цаг ууртай холбож үзэж байхад, зарим хүн соёлтой холбож тайлбарладаг, зарим хүн байгалийн баялаг гэж ч хардаг. Дарон, Жэймс хоёр бол харин хөгжлийг эдийн засгийн болон улс төрийн инстүүцтэй шууд холбон тайлбарлажээ. Судалгааны хувьд өргөн хүрээг хамарсан, түүхийн олон баримт бичгийг шүүрдсэн бүтээл. Муугүй шүү. Уншихыг зөвлөе.

No comments:

Post a Comment