Төр гэж юу вэ?

Ойрын үед хоёр ном уншлаа. Уг хоёр номын талаар блогийн уншигчдадаа хуваалцая. 

Төрийн анатоми

Мари Ротбард гэх Америкийн эдийн засагч, сэтгэгчийн бэсрэг бүтээл. Анархо капиталист буюу бидний ярьдагаар "анархист"нөхөр л дөө. Анархо капитализм, анархизм хоёр бага сага ялгаатай л даа мэдээж.

За номын агуулга руу оръё. Уг номонд төр гэж чухам юу юм бэ бас юу биш вэ гэдгийг тод томруунаар гаргаж ирсэн. Төр гэж юу вэ гэдгийг ойлгохын тулд эхлээд юу биш бэ гэдгийг ойлгох нь чухал. Юуны өмнө төр гэдэг бол ард түмэн биш. Бас төр бол бид биш аж. Ер нь маш энгийн математик бодоход л гарч ирэх үнэн бол төр бол цөөнх, цөөнхийн төлөөлөл. Хоёр дахь нь төр ард түмэнд үйлчилдэг гэсэн уриа лоозон. Үнэндээ төр үнэхээр үйлчилгээний байгууллага юм бол хүчээр татвар авч, хүсээгүй дүрэм журмыг нь биелүүлээгүйн төлөө шоронд хорьж, мөн л хүсээгүй байхад хүчээр цэрэгт татах байсан уу? Тэгэхээр төр гэж ер нь юу юм бэ? Товчдоо төр гэдэг бол тодорхой газар нутгийн хүрээнд албадлага, хүчирхийллийг дангаар ашиглахыг оролдож байдаг нийгмийн байгууллага. Үзүүлсэн үйлчилгээнийхээ төлбөр авдаг албадлага дээр тулгуурласан байгууллага. (Мари Ротбард, Төрийн анатоми, 11-р тал) Төр өөрөө оршин тогтнохын тулд нэн тэргүүний шаардлагатай зүйл олон түмний дэмжлэг. Уг дэмжлэгийг бий болгохын тулд хүмүүст төр хэрэгтэй, төргүйгээр бүх зүйл явахгүй, хөгжихгүй гэсэн суртал ухаалаг хийдэг, мөн төр та бүхнийг хамгаалдаг гэж сурталчилдаг байна. Өөрөөр хэлбэл дайн байлдаан төрийг бэхжүүлэхэд хамгийн нөлөөтэй хүчин зүйл гэж ойлгож болно. 


Улс төрийн тогтолцооны эх сурвалж

Фрэнсис Фукуяамагийн судалгааны даацтай бүтээлүүдийн нэг. Төр болон түүний инстүүцүүдийн уг сурвалж, гарал үүслийн талаарх судалгаа. Товчхондоо бол түүхийн ном ч гэж хэлж болох байх. Үүнд Хятадад, Энэтхэгт, Европт, Орост, Латин Америкт гээд дэлхийн өнцөг булант төр ба түүний инстүүцүүд хэрхэн бий болов, учир шалтгаан нь юу байв гэдгийг харуулжээ. Төрийн анхны үүсэл бол нийгмийн гэрээ биш харин дээрэм, тонуул, дайн байлдаан. Арай хүчирхэг омог аймаг нь бусдыгаа эзлэн түрэмгийлээд нэгтгэж нэг газар нутаг дээр улс гэдэг зүйлийг бий болгосон. Улс, төр бий болоход хүн амын нягтаршил ч ихээхэн нөлөөлжээ. 
Фукуяама зарим оронд ардчилсан тогтолцоо хурдан хугацаанд бэхжээд заримд нь ерөөсөө явдаггүй нь шалтгааныг мөн төрийн инстүүцүүдтэй холбон тайлбарласан. Папау шинэ гвинэй, Соломоны арлууд зэрэг жижигхэн орнуудад одоо хүртэл омгийн зохион байгуулалттай нийгэм байдаг ба шалтгааныг уг орнуудад төрийн сонгодог инстүүцүүд бий болж, төлөвшиж амжаагүйтэй холбон тайлбарласан байна. 

Фукуяамагийн судалгааны ажлын гол хэсэг болох Хятад хамгийн эртний төрт улс үүссэн газруудын нэг. Хятадуудын хийж чадсан зүйл бол жирийн иргэн тодорхой шалгалтуудыг давж чадвал түшмэл болох боломжийг олгосон явдал. Үүний улмаас түшмэл болгохын тулд Хятадын өнцөг булан бүрт хүмүүс хүүхдээ сургахын төлөө уйгагүй зүтгэсэн. Энэ уламжлал нь ч одоогийн хүчирхэг Хятад бий болоход ихээхэн түлхэц болжээ. Одоо ч Америк болон Европын шилдэг их дээд сургуулиудад Хятад оюутнууд бусдаас онцгойрч чаддаг аж. (Гэхдээ мэдээж энэ бол нэг л өнцөг л дөө)

Өөр нэг сонирхолтой санагдсан түүх нь Оттоманы эзэнт гүрэн. Оттоманы эзэнт гүрэн ойролцоох өөр улсуудаас бага насны хүүхдүүдийг дээрэмдэж авчраад системтэйгээр сургана. Тэгээд дараа нь тэднийг төрийн албан хаагчид болгоно. Ер нь хүний санаанд оромгүй түүх. Яагаад өөр улсаас гэж үү. Төрийн нэг том сул тал болох ажиллаж буй түшмэдүүдийн тал тохой татсан явдлыг үгүй хийх зорилготой гэх үү дээ. Энэ систем нэг хэсэг сайн ажилласан боловч урт хугацаанд амжилт олж чадаагүй байна. 

Ерөнхийдөө бол Фукуяамаг улс төрийн онолчид стэйтист гэж үздэг. Учир нь түүний үзэж байгаагаар төрийг үгүй хийнэ гэсэн үзэл бол хэт гэнэн бөгөөд харин ч уршигтай үзэл бодол. Төрийг үгүй хийх гэсэн оролдлого бүхэн эцэст нь харин хэт нүсэр төрөөр төгсдөг бол түүхийг сургамж гэж тэр мэтгэж байгаа юм. 

"Төрийг замаасаа зайлуулчихад л зах зээлийн эдийн засаг, асар их баялаг ид шидийн мэтээр гарч ирэхгүй, тэдгээр нь өмчийн эрх, хуулийн засаглал, улс төрийн үндсэн дэг журам хэмээх үл үзэгдэх байгууламж дээр тогтож байдаг." ( Улс төрийн тогтолцооны эх сурвалж, 1-р боть, 18-р тал)

Миний нэмэлт

Бараг эсрэг тэсрэг гэж болох хоёр ч бүтээлийг нэг цаг хугацаанд унших сонирхолтой байлаа. Уг номнууд намайг төрийн талаар эргэцүүлэхэд хүргэсэн юм. Нэг өглөө эрт босоод төр гээч энэ зохиомол зүйл бий болоогүй бол одоогийн бидний амьдрал ямаршуу байх байсан бол гэж  нилээн удаан бодсон шүү. (жуумалзав)

Төргүйгээр улс орших уу? Надад энэ асуулт их сонирхолтой санагддаг. Анхны үүслээс нь харах юм бол төрийг дагаж улс, гүрнүүд бий болсон. Төр гэх инстүүц л хүмүүсийг хуваасан болж таараад байгаа юм. Төр байхгүй болвол улс гэж байхгүй болно гэсэн үг. 

За ямартай ч нэгэнт бий болчихсон л зүйл. Өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар төлөвшчихсөн, олон ч үе шатыг туулсан. Миний хувьд анархист биш учраас төрийг үгүй болгох ёстой энэ тэр гэсэн бодол байхгүй л дээ. Ер нь бол бараг боломжгүй "зүйл" шүү дээ. Limited government гэж ярьдаг даа цомхон, хууль хэрэгжүүлдэг байхад л уг нь хангалттай. Гэвч "төр" гэгч зүйл өөрөө өөрийгөө томруулах шинж чанартай. Эрх мэдлийг улам л ихээр наагаад байдаг нь гашуун үнэн. Тийм учраас л хүмүүс төр гэж юу юм, юу биш юм, юунд оролцох ёстой юм, юунд оролцох ёсгүй юм гэдгийг байнга л эргэцүүлж байх шаардлага юм шиг. За блогийн уншигчдад уг хоёр бүтээлийг харьцуулж уншихыг зөвлөж байна.

Жич: Судлаачийнх нь хувьд Фукуяамаг үнэхээр биширсэн шүү.

1. Ер нь Монголд хүмүүс анархизмыг их буруугаар ойлгодог юм шиг санагддаг. Ихэнхдээ эмх замбараагүй, дур зорго ноёлсон нийгэм гэж ойлгодог юм шиг байгаа юм. Хамгийн гол нь төр гэж байхгүй. Хүмүүс ёс суртахуундаа захирагдаж амьдрах бөгөөд бүх хүн ёс суртахуунтай учраас ямар нэгэн гэмт хэрэг, бусдын эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй гэж үздэг.

2 comments: