Хамгийн сүүлд уншсан гурван ном маань яагаад ч юм холбоотой санагдаад болдоггүй. Тэгээд энэ тухайгаа блогтоо бичихээр шийдсэн юм.
"Гулаг ольтриг"
"Шүүх ажиллагаа"
"Хуулийн амин сүнс"
"Гулаг ольтриг"
Дэлхийн хоёрдугаар дайны үед Германчуудын еврейчүүдийг хорьж байсан хорих лагерын тухай хүн болгон л сонсож байсан байх. Харин оросын хорих лагерын тухай тийм ч их сонсож байгаагүй нь магадгүй 20 хэдхэн жилийн өмнө бид социалист нийгэмд амьдарч байсантай холбоотой болов уу. Ер нь социалист нийгмийг сүүдрээ нуудаг нийгэм гэж ярьдаг л даа. Муу муухай, хар бараан бүх зүйлүүдийг сайхан гэсэн нэг өнгөөр будна, зарим тохиолдолд будах ч үгүй зүгээр л энэ сайн сайхан зүйл шүү гэж итгүүлнэ. Худлаа үгийг 1000 удаа хэлвэл үнэн болдог гэдэг байх аа. Харин тэр худлаа үгэнд итгэхгүй байгаа хүмүүст хоёрхон л сонголт байдаг. Хоригдох, хороогдох гэж..
Гулаг ольтриг бол Александр Солженицины бичсэн Нобелийн шагнал хүртсэн, алдартай бүтээл. Энэ ном саяхныг хүртэл хориотой байсан юм билээ. Орост 1910 хэдэн оноос эхэлсэн баривчилгаа, цөллөгийн амьдралыг өөрийн туулсан амьдрал, бусад хоригдож байсан хүмүүсийн дурсамж, захидал зэрэг дээр тулгуурлаж бичсэн ном. Хүмүүсийг яаж баривчилж, яаж эрүүдэн шүүж, яаж хорих лагер руу явуулдаг байсан тухай мөн тэнд хүмүүсийг хэрхэн тарчлааж, хороож байсан тухай өгүүлнэ.
"Шүүх ажиллагаа"
Франц Кафка насбарахынхаа өмнө зохиолуудынхаа гар бичмэлээ шатаахыг нэг найздаа гэрээслэсэн байдаг. Гэвч найз нь захиасыг нь биелүүлэлгүй, харин бүр эсрэгээр нь ном болгож хэвлүүлж гаргаснаар энэ бүтээл бидний гар дээр иржээ. Зохиолын тухайд бол гол дүрийн баатар болох К гэдэг нэртэй залуугийн шүүх ажиллагааны тухай гарна. Аюурзанын бичсэнээр энэ номын гол санаа эхний өгүүлбэртээ зангидагджээ. "30 нас хүрснийхээ өглөө Иозеф К баривчлагдсанаа ойлгоно." гэсэн өгүүлбэр. К ямар нэгэн үл мэдэгдэм шалтгаанаар баригдсан байх, мэдээж тэр үүнд маш ихээр гайхдаг. Ямар нэг хэрэг хийснээ мэдээгүй байхад гэнэт баривчлагдвал ямар ч хүн гайхаж, балмагдах нь зүй ёсны л зүйл. Хамгийн сонин нь тэр хэргийнх нь тухай хүн болгон мэдчихсэн байдаг. Хүмүүс яаж мэдсэн юм бүү мэд. Нэг сонирхолтой зүйл бол зохиолын баатарын нэр ганцхан "К" гэсэн үсэг. Ганцхан үсэгээр зохиолынхоо гол баатрыг нэрлэсний шалтгаан байгаа л байх. Бас уг зохиолын үйл явдал яг ямар улсын, ямар хотод өрнөж байгаа нь тодорхой гардаггүй. Үүнээс үзвэл Франц Кафка дэлхий дээр хаана ч байдаг, хэнд ч тохиолдож болох, магадгүй тохиолддог үйл явлын тухай өгүүлсэн байх гэж би л хувьдаа бодсон.
"Хуулийн амин сүнс"
Монтескьегийн Алдарт бүтээл. Хуулийн амин сүнс гэдэг нэрээр Монгол хэлэнд орчуулагдаж гарсан. Хууль гэдэг зүйлийн бүүр эх үндэс рүү өнгийж харснаараа энэхүү номны үнэ цэнэ байгаа болов уу. Хуулийг үүсэн бий болох шалтгааныг хүний мөн чанар, жам ёсны эрх, тухайн улс үндэстний ёс заншил, байгаль, цаг агаар зэрэгээс нь гаргаж ирж тайлбарласан байх юм. Миний ойлгосноор бол орчлон дээр хоёр төрлийн нь л хууль байдаг бөгөөд нэг нь жам ёсны хууль, нөгөө нь хүмүүсийн өөрсдийн бий болгосон зохиомол хууль. Хүний өөрийнх нь зохиосон хууль жам ёсны хуулиас л урган гарах ёстой, аль эсвэл жам ёсны хуультай нийцэх ёстой. Бас энэ номонд Монголчууд бидний амьдралын хэмнэл, байгаль, цаг агаарын тухай, энэ нь ямар хуулийг бий болгодог тухай нь өгүүлсэн байх юм.
Сүүлд уншсан 3 номны тухай товчхон бичлээ. Одоо яагаад энэ гурав холбогдох болсон тухай бичье.
Социалист нийгэм байгуулах бол миний ойлголтоор бол анх Карл Марксаас гаралтай санаа бөгөөд үүнийг Ленин, Сталин нар өөрсдийнхөө онцлогийг тусгаж аваад хэрэгжүүлж эхэлсэн. Гулаг ольтригт Сталины хэрэгжүүлсэн баривчилгаа, эрүүдэн шүүлт, цөллөгийн тухай гардаг. Уг нь анх зүгээр л үзэл санаа байсан зүйл шүү дээ. Тэр зүгээр л нэг үзэл санаа нь бүхэл бүтэн улс орныг цусан далайд живүүлж, хэдэн зуун сая хүнийг аминд хүрнэ гэдгийг Маркс өөрөө төсөөлсөн болов уу?
Хүний мөн чанарт араатанлаг шинж чанар тодорхой хэмжээгээр байдаг гэж хүмүүс зөндөө л ярьдаг. Тэр араатанлаг шинж чанар нь их эрх мэдэлтэй үед илрэн гарч ирдэг байх. Ер нь эрх мэдэл хүнийг эвддэг, бүр их эрх мэдэл бүр их эвддэг гэдэг үг байдаг даа. Сталины дарангуйлал, боолчлол, харгислал цусны амт авсан араатан шиг л улам л нэмэгдэж байсан байх юм. Магадгүй өөрт нь зөвтгөх гоё зорилго юм уу, санаа байсан байх л даа. Гэхдээ зорилго нь аргаа зөвтгөхгүй гэдгийг хүн төрөлхтөний түүх харуулсан гэж би хувьдаа боддог.
Бас нэг сонирхолтой зүйл бол Сталины энэ харгислал бүгд хуулийн хүрээнд байсан байх юм. Хууль гаргана, хуулинд шинэ шинэ гэмт хэрэгүүд нэмэгдэнэ. Ялангуяа улс төрийн гэмт хэрэгүүд байнга нэмэгдэнэ. Гулагт баривчлагдсан хүмүүсийг нэрээр биш 54-ийнхэн гэх мэт хуулийн зүйл, заалтаар нэрлэнэ. Тэгэхээр Монтескьегийн бичсэнчлэн хууль өөрөө хүний жам ёсны эрхээс урган гарах ёстой гэсэн үндсэн зарчим алдагдсан байна гэж ойлгож болох байх. Тэгээгүй тохиолдолд хууль нэг бол хэрэгжихгүй, нэг бол гулаг болдог. Энэ бичлэгээ хууль ба гулаг гэж нэрлэсэн маань ч үүнтэй холбоотой.
Франц Кафкагийн шүүх ажиллагааны тухайд мань хүний хэлэх гээд байгаа санааг би өөрийнхөөрөө л ухсан. Ухсан хүрз маань том юм уу жижиг юм уу бүү мэд. Зохиолыг бүр ойлгоогүй ч байж болох л юм. Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл ёс суртахууны маш олон хэм хэмжүүр бий
болгож түүгээр хүмүүсийг шүүж ирсэн. Хэн хэзээ зөв гээд баталчихсан
тодорхойгүй ёс суртахууны хэмжүүрүүдтэй. Тэдгээр хэмжүүрүүдээ зүгээр л байх ёстой гэж бүгд л боддог. Үүнийх нь эсрэг
хийсэн тэмцэл яг үнэндээ тийм ч үр дүнтэй байж чаддаггүй. Сүүлдээ үүнтэй
нь эвлэрэхээс өөр аргагүй байдалд орно. Зарим нэгнийх нь тухайд үүний
эсрэг тэмцэх санаа хэзээ ч орохгүй зүгээр л ийм байх ёстой мэтээр боддог. Зохиолын төгсгөлд "К" хоёр хүнд баригдаж нэг хачин
газар ирээд хутгалуулж үхээд дуусдаг. Өөрөөр хэлбэл ёс суртахууны шүүхээр ороод ялаа авсан гэсэн үг.
Юу болоод байгааг бүрэн ойлгоогүй мөртлөө зүгээр л хүлээн зөвшөөрөх аль эсвэл үл тоодог тохиолдлууд элбэг байдаг тухай Солженицин бичсэн байдаг. Түүний хэлснээр хүний бодол санаа гэдэг хурдан юм шиг боловч маш удаан. Яг ямар том машины эрэг шураг болчихсоноо нь их хожимдож олж харж байгаа Гулагийн хоригдлууд ч, "Шүүх ажиллагаа"-ны гол дүр "К" ч нийтлэг дүр аж.
"зорилго нь аргаа зөвтгөхгүй гэдгийг хүн төрөлхтөний түүх харуулсан" айхтар зүйрлэжээ.
ReplyDeleteЖам ёсны хууль, зохиомол хууль гэсэн нэр томьёон дунд ёс суртахуун хаана? Ёс зүй хаана гэсэн асуулт ургах нь зүй болов уу? Ёс суртахуунд ёс зүйг хамаатуулахгүй гэж би ойлгодог. Тэгвэл чухамдаа хууль гээч нь өөрөө яг юу вэ? гэдэг тодорхойлолт дутаад байна..
Enter the artistic world of Stormcraft Studio’s 3D Design Team and learn their approach 코인카지노 with bringing 3D slot sport characters to life. If you cease the slot machine, you can to|you possibly can} reduce the TOS to a few seconds. Instead of specializing in the generic suggestions and tips you discover on all on line casino guides on the web, it focuses on confirmed methods to improve your odds when you select the video games to play.
ReplyDelete