Саяхан нэг найз маань мессенжерээр чиний хамгийн их хүндэлдэг хүн чинь хэн бэ гэж асуусан юм. Тэгээд асуултанд нь хариулах санаатай бодож суутал нэг сонин юм ажиглагдав. Миний хүндэлж явдаг хүмүүс бараг ихэнх нь багш нар юм байна.
Манай ШУТИС-д түүх заадаг Сэрдарам гээд багш байдаг. Би оюутан байхдаа монголын түүх дээр өөр багш дээр хичээл үзэж байгаад санамсаргүй Сэрдарам багшийн лекцинд суусан юм. Тэгээд л мань хүн мэдлэгийн цар хүрээ, заах арга барилыг биширсэн л дээ. Өөр багшийн групп юм байж Сэрдарам багшийн лекцинд байнга суудаг байж билээ. Нэг л тийм инерги ихтэй хүн шиг санагддаг. Ганц хүний санаачлага ганцдахгүй гэдгийг Сэрдарам багш өөрийн биеэрээ харуулсан л даа. My club гээд оюутнуудын клуб санаачлаад Монголд маш олон мод тарьж чадсан. Би ч багшийг сайн мэдэхгүй, багш ч намайг сайн танихгүй л дээ. Гэхдээ би багш хүмүүс бол нэг ийм л баймаар даа гэсэн үнэлэмжийг Дарамаа багшаас авсан гэж боддог. Ирээдүйд багшилж үзнэ дээ гэсэн миний бодол маань ч мань хүнээс улбаатай.
Одоо миний ажиллаж байгаа компанийг YMC гэдэг л дээ. Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани. Манай компанийг үүсгэн байгуулсан хүнийг МУИС-ын менежментийн тэнхимийн багш Халиунбат гэдэг. Менежментийн чиглэлээр олон сургалтанд сууж, олон багш нараас лекц сонсож байсан боловч түүн шиг сайн заадаг багшийг би лав хараагүй. Зааж байгаа юмандаа өөрөө маш итгэлтэй, тэгээд ямар ч хүн ойлгохоор энгийн, бас логик сайтай ярьдаг. Мань хүний гол зэвсэг бол туршлага. Хэдийгээр залуу хүн ч гэсэн маш олон төрлийн байгууллагуудад ажиллаад үзчихсэн. Тэгээд тэдгээр туршлагууд дээр тулгуурлаж хичээлээ заана. Аливаа зүйлийг хүмүүст ойлгуулахын тулд юу хэрэгтэйг мэдмээр байвал Халиунбат багшийн хичээлд сууж үзэх хэрэгтэй гэж боддог. Одоо ажиллаж байгаа ажил маань ч зарим талаараа Халиунбат багштай холбоотой.
2009 онд "Лебартари зуны сургалт"-нд сууж байсан юм. Тэнд би Х.Тэмүүжин багштай танилцсан. Надад бол багшийн мэдлэг маш системтэй санагддаг юм. Ер нь хаанаас ч хамаагүй янз бүрийн мэдээлэл цуглуулсан хүнийг хэзээ ч мэдлэгтэй гэж хэлэхгүй байх. Учир нь тэдгээр мэдээлэлүүдээ системчилж чадаагүй байна гэсэн үг л дээ. Хоёрдугаарт Tji багшийг хүндлэх болсон нэг шалтгаан бол үзэл бодол, үнэт зүйлдээ үнэнч байдал. Бас үзэл бодлоо хэн ч сонирхохгүй байхын аргагүй болтол нь тайлбарлаж ярьж, бичиж чаддаг. Их энгийн, даруухан мөртлөө хэлэх гэснээ хэний ч өмнө хэлчихдэг миний хүндлэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг юм. Миний үзэл бодол ч гэсэн зарим талаараа Тэмүүжин багштай холбоотой.
Надад анх А үсэг заасан багшийг маань Өлзийбаяр гэдэг. Миний мэдэх бүх багш нараас хамгийн мундаг нь яах аргагүй Өлзийбаяр багш. Улаан хацартай, намуухан дуутай, маш цэвэрч нямбай, тайван хүн л дээ. Хүүхдүүдтэй яаж ажиллахаа их сайн мэддэг. Хүүхэд болгонд таарсан түлхүүрийг нь олохдоо гаргууд. Нөхөр нь бас багш. Тэр хоёр манай аав ээж хоёрын найзууд л даа. Манай гэрт заримдаа ирж, миний талаар ээж аав хоёрт хэлнэ. Би ичиж үхэх шахна. Багш маань бага ангид байхад шүлэг их цээжлүүлдэг байсан санагддаг юм. Нэг удаа би өвдөөд хэвтсэн юм. Ер нь багадаа их өвдөмтгий хүүхэд байсан санагдана. Тэгээд өвдчихсөн хэвтэж байхдаа тухайн өдрийнхөө цээжлүүлж магадгүй гэсэн шүлгийг цээжлэчихээд маргааш нь хичээл дээрээ очоод уншсан чинь багш надаар их бахархаж билээ. Нүүр дүүрэн инээмсэглээд, та нар Оргил шиг байвал хаана ч газардахгүй шүү гэж хэлсэнийг нь тод санадаг юм. Одоо бодоход надад урмын үг их хэлдэг байждээ. Даанч багш маань 5 дугаар ангид байхад өөд болсон. Байдаг бол одоо багш дээрээ нэг очиж үнсүүлэхсэн гэсэн хүсэл байнга л миний дотроос цухалзана. Хэзээ нэг цагт ном бичээд өмнөх хуудсан дээр Өлзийбаяр багшдаа зориулав гэж бичнэ дээ гэж тавдугаар ангид байхдаа шийдэж бил ээ. Энэ хүслийг бол харин биелүүлнэ ээ. Уран зохиол гэдэг зүйлд дурлах болсон маань мань хүнтэй холбоотой.
Хүндэлж явдаг хүмүүсийн жагсаалтанд мэдээж аав ээж хоёр маань орно. Аав маань бага ангийн багш мэргэжилтэй хүн л дээ. Гэхдээ залуудаа л багшийнхаа ажлыг хийж байсан. Аав өөрөө багшилж байсан үеээ нээх дурсаад байдаггүй л дээ. Харин ээж хаяа ярьдаг. Ээжийн яриануудаас дүгнэхэд аав маань их бүтээлч багш байсан юм шиг санагддаг юм. Байнга л шинэ юм сэдэж хичээлдээ ашигладаг. Ер нь сонирхолтой байлгах гэж нилээн үздэг байсан юм шиг байгаа юм. Жоохон хүүхэд байхдаа аавын найз нартайгаа ярьж байгаа яриануудыг их сонсдог байлаа. Одоо ч заримыг нь санаж л байна. Дуу нь чангарч ирээд л...кккк. Тэр яриануудаас нь миний аав яавч муу багш байгаагүй гэсэн дүгнэлт гаргаад түүндээ бүрэн итгэчихсэн. Миний амьдралын маш олон зүйл аавтай минь холбоотой.
No comments:
Post a Comment